Аялал жуулчлалын салбарт хиймэл оюунд суурилсан урьдчилсан болон шууд захиалга эрчээ авч буйг олон улсын судалгааны байгууллагууд мэдээлж байна. “Мета” компани сүүлийн үед хөгжүүлж буй, хэрэглэгчийн өмнөөс бие даан тодорхой ажлуудыг гүйцэтгэх, шийдвэр гаргах чадвартай “Muse” зэрэг агентаа аяллын нислэг хайх төдийгүй тусгай системээр дамжуулан захиалга хийх боломжтой болгосон нь энэ зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон үйл явдал хэмээн судлаачид үзэж буй. Тэгвэл технологийн болон цахим худалдааны тэргүүлэх “Expedia” группийн шинжээчид мөн хиймэл оюуны нөлөө дэлхий дахины аялагчдын сонголт, шийдвэр, хандлагад хүчтэй нөлөөлж, тэдний ажлыг үлэмж хөнгөлж эхэлснийг дурджээ. Олон улсад хамгийн түгээмэл ашигладаг, аяллын нэгдсэн захиалгын “Booking.com” сайтаас хийсэн судалгаагаар дэлхийн жуулчдын 50 хувь нь аяллаа урьдчилж төлөвлөхдөө, эсвэл аялах үедээ хиймэл оюун ашигладаг болох нь батлагджээ. Мөн “ухаалаг зөвлөх” ашигласан хүмүүсийн 47 хувь нь аялал төлөвлөх хугацаа технологийн хөгжлийн нөлөөгөөр эрс багассан, 36 хувь нь тухайлсан буюу зөвхөн өөрт нь зориулсан тусгай үйлчилгээ авсан мэт үр дүн гарсан гэж мэдүүлжээ. Өмнөд Солонгост хиймэл оюун хэрэглэгчдийн түвшин хамгийн өндөр буюу 69 хувьтай гарчээ. Тус улс манай аялал жуулчлалын гол зах зээлүүдийн нэг тул монгол компаниуд технологид суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага үүсэж буйг Монголын аялал жуулчлалын холбооныхон дурдав.