Монгол хүүхдийн хэл ярианы хөгжил, үгийн нөөц багасаж, орой хэлд орох, өөрийгөө илэрхийлэх чадвар сул байгаа нь нийгмийн түүвэр судалгаагаар илэрч буйг Боловсролын яамнаас мэдээллээ. Тухайлбал, сургуульд бэлтгэгдсэн бэлэн байдлын үнэлгээний хэл ярианы сургалтын чиглэлийн хүүхдийн хөгжлийн сүүлийн хоёр жилийн дундаж үзүүлэлт 67.8 хувьтай байна. Энэ бол 10 хүүхэд тутмын гурав нь хэл ярианы хоцрогдолтой буюу сургуульд суралцах бэлтгэл хангагдаагүй гэсэн үг юм. Иймд хүүхдийн тархи хамгийн эрчимтэй хөгжиж буй 0-5 насанд номтой ойр өсгөх нь хэл ярианы хөгжил, нийгэмшихүй, сэтгэн бодох чадвар зэрэгт эергээр нөлөөлж, цаашдын суралцахуйн амжилтад нөлөөлдөг болохыг мэргэжилтнүүд санууллаа. Хүүхэд байнга ном уншиж хэвшвэл үгийн сангийн баялаг нэмэгдэж, сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай болдог аж. Сургуульд бэлтгэгдсэн бэлэн байдлын энэ оны үнэлгээг зургаан настнуудын дунд эхлүүлсэн бөгөөд одоогоор үр дүн нь гараагүй байна. Түүнчлэн номын дүрүүдийн үйлдэл, мэдрэмжээр дамжуулан хүүхэд бусдыг ойлгох (эмпати) болон сэтгэл хөдлөлөө таньж сурдаг гэнэ. Хамгийн чухал нь сургуульд амжилттай бэлтгэгдэж, бичиг үсгийн суурь буюу үсэг таних, авиа ялгах чадвар эзэмшиж, сургуульд орохдоо дасан зохицох нь илүү хурдан байдаг аж.
Ташрамд дурдахад, Боловсролын яам, Азийн сантай хамтран бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэх, хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэж, хүүхэд багачууд номтой ойр өсөн хөгжих боломжийг бүрдүүлэхэд анхаарч эхэлжээ.
Ч.Туяа