2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатарт инженерийн гаднах 57.3 км шугам сүлжээг шинэчлэн засварлаж байгааг нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ. Үүний 18.7 км нь дулаан хангамжийн гол, 16.1 км нь орон сууцын хорооллын доторх шугам бөгөөд бохир усны Туул-1 коллекторын 1000 мм-ийн зургаан км хоолойг шинээр угсарч буй гэв. Энэ сарын 15-наас айл өрхийн халаалтыг залгаж, үерийн ус зайлуулах далан суваг, шугам сүлжээ, худаг, насос станцын засвар, нөхөн сэргээлт, цэвэрлэгээний ажлыг шуурхайлж, гүйцэтгэл нь 79 хувьд хүрчээ. Түүнчлэн авто зам дагуу ус ихээр тогтдог 16 байршилд 17.6 км ус зайлуулах хоолой угсарч байгаа аж.
Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар сэрүүсэж, зарим газраас нойтон цас орох төлөвтэйг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж буй. Хүйтрэхтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд халаалтын улиралд борлуулалтын 446 цэгээр хагас коксон болон сайжруулсан шахмал түлш борлуулна. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, нийслэлийн есөн дүүргийн хог хаягдлын гэрээт байгууллагууд болон зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан хувийн хэвшлийнхэн энэ өвөл 11 025 тонн давс, 9736 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөсний 60-80 хувийг нь бүрдүүлжээ.