Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай тогтоолын төслийг баталлаа. Нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх зорилгоор эл ажлыг тасалдуулахгүй зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хаврын хэрэгцээнд зориулж нийт 15-20 мянган тонн мах бэлтгэхээс одоогоор 20 аж ахуйн нэгж 11.6 мянган тонн мах бэлтгэх хүсэлтээ нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлжээ. Тогтоолын дагуу нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд цахим төлбөрийн баримтын системд нь үндэслэн, Засгийн газраас хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкнуудаар дамжуулан олгохоор болов.
Аж ахуйн нэгжүүдийг эргэн төлөлтийн уян хатан хуваарь, барьцаа хөрөнгийн таатай нөхцөл бүхий санхүүжилтээр богино хугацаанд хангаснаар хаврын улиралд махны нийлүүлэлт тогтворжиж, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтойг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
У.Цэцэг