Монголын үндэсний бөхийн холбооноос 2026-2027 оны “Алтан цом”-ын төлөөх барилдаанд оролцох багуудын нэгдсэн уулзалтыг зохион байгуулж, шинэ улирлын барилдааны журам, өрсөлдөөнийг илүү сонирхолтой, чанартай болгох талаар хэлэлцжээ. Тус барилдаанд өмнөх багуудын 60 орчим хувь нь оролцохоо мэдэгдсэн бол тэмцээнийг өргөжүүлж, шинэ баг, байгууллагуудыг оролцуулах санал ч ирсэн аж. Тиймээс шинэ багуудын оролцоог дэмжиж, тэмцээний хүрээг тэлэхээр талууд санал нэгдэв. Ингэснээр энэ улирлын “Алтан цом”-д шинэ багууд хууччуудтай хүч сорих нь тодорхой боллоо. Багууд тэмцээний чанар, дүрэм журмыг боловсронгуй болгох талаар хэлэлцсэн нь уг барилдааныг өндөр түвшинд хүргэхэд чухал алхам болох юм. Сонирхуулахад, Монгол Улсын харцага Н.Золбоо үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд “Хачиртай бантан” подкастыг санаачилж, хөтлөн явуулдаг. Тус хамт олны зүгээс сайн барилдаж, амжилт гаргаж буй залуу бөхчүүдийг олонд таниулан, дэмжин урамшуулах зорилгоор жил бүр “Шилдэг 8” аймгийн цолтныг тодруулж, подкастынхаа нэрэмжит “Үнэн зоригт” шагналыг гардуулахаар болов. Энэхүү шагналыг намрын эхний барилдаанаас сар шинийн барилдаан хүртэл аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн цуглуулсан чансааны оноог харгалзан эхний найман аймгийн цолтон бөхөд гардуулах аж.