Шадар сайдын баталсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх нэгдсэн удирдамжийн дагуу ой, хээрийн түймрийн ерөнхий үнэлгээг Онцгой байдлын ерөнхий газар холбогдох байгууллагуудтай хамтран жил бүр гаргадаг. Энэ удаа нийт 26 жилийн ой, хээрийн түймрийн давтамжийн зургийг боловсруулсан байна. Тодруулбал, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хиймэл дагуулын мэдээнд үндэслэн боловсруулсан 2000-2025 оны ой, хээрийн түймрийн шатсан талбайн мэдээлэлд орон зайн дүн шинжилгээ хийжээ. Зураглалаас харахад зүүн бүсийн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатарт түймрийн давтамж хамгийн олон удаа тохиолдсон байна. Эдгээр аймагт дээрх хугацаанд түймэрт нэг удаа өртсөн нийт зургаан сая га талбай байгаа бол 11 удаа өртсөн нь 50 га талбайг эзэлж буй юм. Үүнээс Дорнод аймгийн Халх гол сумд түймрийн давтамж хамгийн өндөр гарчээ. Мөн Сэлэнгэ аймагт 900 мянган га талбай түймэрт өртсөн бол зургаан удаагийн давтамжтай нь 85 га-г эзэлж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр аймагт ой, хээрийн түймэр дахин дахин дэгдэж, гурав ба түүнээс дээш удаа шатсан талбай хамгийн их хувийг эзэлж байна. Үүнээс сэргийлэх, түймэрт өртсөн талбайн хэмжээг нэмэхгүй байхын тулд ой, хээрт аялж зугаалахдаа иргэн бүр сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд сануулав.
Улсын хэмжээнд 2021-2025 онд нийт ой, хээрийн түймрийн 755 удаагийн дуудлага бүртгэгдэж, нэг хүн нас барж, 16 иргэн түлэгджээ. Мөн 15 мянган мал хорогдож, 76 гэр, байшин, өвөлжөө шатаж, 7.2 сая га талбай өртөн, 587 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Ч.Туяа