Энэ оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өчигдрөөс орон даяар эхлүүлснийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 1-ний 09.00 цагт эхэлж, арваннэгдүгээр сарын 23-ны 18.00 цагт дуусах бөгөөд https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар бүртгэх юм байна. Ингэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаяг ашиглаж, цээж зургаа файлаар явуулах гэнэ.
Элсэлтийн шалгалтад монгол, англи, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс хоёроос дээшийг сонгож бүртгүүлэх аж. Нэг хичээлийн төлбөр 20 000 төгрөг. Дээрх хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажих аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалтад бүртгүүлэх бол холбогдох бичиг баримт буюу өргөдөл, эмчийн магадалгааг Боловсролын үнэлгээний төвд хүргүүлэх юм байна.
Ташрамд дуулгахад, элсэлтийн ерөнхий шалгалт нэрийг элсэлтийн шалгалт болгон өөрчилж, жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон билээ.
Ч.Болор