Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр энэ сарын 4-нд буюу ням гарагт тохионо. Өнөө жилийн тэмдэглэлт өдрийн арга хэмжээг олон улсад “Шувуу бүр чухал-таны ажиглалт үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулахаар болсонтой холбогдуулан Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Хурх, Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрынхан хамтран экологич хүүхэд, залууст зориулсан танин мэдэхүйн өдөрлөг хийхээр төлөвлөжээ. “Хурх, Хүйтэний залуу шувуу ажиглагчид” өдөрлөгт ус, намгархаг газар бүхий өвөрмөц тогтоцтой эл бүсэд амьдардаг малчин өрхүүдийн хүүхдүүдийг хамруулахаараа онцлог гэнэ. Шувуу судлаачид хүүхдүүдийг удирдан чиглүүлж, байгаль хамгааллын ойлголт, мэдлэг олгоод зогсохгүй жигүүртнийг хэрхэн ажиглаж, таньж, тоолж, бүртгэдэг туршлагаасаа хуваалцах нь.
Хурх, Хүйтэний байгалийн нөөц газрынхан “Шувуу сонирхогч хүүхэд, залуус аа, дурангаа аваад байгальд гарцгаая. Таны ажигласан шувуу бүр, бүртгэсэн мэдээлэл болгон үнэ цэнтэй” гэж уриалав.