Цэвэршилтийн үед сэтгэл санаа яагаад өөрчлөгддөг талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн зөвлөгөө өгсөн юм. Цэвэршилтийн үед дааврын өөрчлөлтөөс шалтгаалан сэтгэл санаа хэлбэлзэх, цочромтгой болох, түгших, гуниглах, нойр хямрах зэрэг өөрчлөлт гардаг байна. Энэ нь зөвхөн сэтгэл санааны асуудал биш, бие махбодын өөрчлөлттэй холбоотой байж болохыг эмч нар анхааруулав. Хэрэв сэтгэл санааны өөрчлөлт удаан үргэлжилж, өдөр тутмын амьдралд тань нөлөөлж байвал мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандах хэрэгтэй гэнэ.
Судалгаагаар цэвэршилтийн үед зарим эмэгтэйд сэтгэл зүйн эмзэг байдал нэмэгдэж болох ч энэ нь хүн бүрд сэтгэл гутрал, түгшүүр үүсгэдэг гэсэн үг биш аж. Харин өмнө нь сэтгэл гутралтай байсан, удаан хугацаанд үргэлжилсэн стресс, цэвэршилтийн шинж тэмдгийн улмаас нойргүйдэх нь сэтгэл зүйн асуудалд өртөх эрсдэлийг нэмдэг байна. Сарын тэмдэг зогсох хүртэлх буюу цэвэршилтийн өмнөх үед бэлгийн болон эстроген, прогестерон дааврын үйлдвэрлэл буурдаг. Эстрогений түвшин буурах нь шөнө хөлрөх, халуу оргих, прогестероны хэмжээ багасах нь сэтгэл түгших, гутрах, жин нэмэхэд хүргэдэг бөгөөд эдгээр нь унтаж амрахад саад учруулж болзошгүй. Үүнээс болж нойрны даавар мелатонины хэмжээ багасдаг тул унтаж чадахгүй болох, эсвэл хэтэрхий эрт сэрж, амарч чаддаггүй аж. Өөрөөр хэлбэл, цэвэршилтийн урьтал үед сарын тэмдэг тогтмол бус болж, аажимдаа зогссоноор дааврын түвшин буурна. Жил орчмын дараа л тогтворждог аж. Иймд даавар орлуулах эмчилгээний талаар эмчээс зөвлөгөө авах, дүпү, вандуй зэрэг даавар тэнцвэржүүлэгч баялаг орцтой хоол хүнс хэрэглэх, омега-3 нэмэлтээр уух, кофейн, согтууруулах ундааны хэрэглээг багасгахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Ч.Туяа