Төв аймгийн Алтанбулаг, Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сумд ямааны гоц халдварт годрон өвчин оношлогдож, цаашид тархах эрсдэл өндөр байгаа аж. Говь-Алтайн Цогт сумд 11, Дэлгэрт хоёр өрхийн ямаанд годрон өвчин илэрч, шинжилгээгээр баталгаажсан юм. Тухайлбал, Цогт сумын голомтын бүсэд 45 өрхийн 16 мянга, Дэлгэр сумын долоон өрхийн 3000 гаруй ямаа бий аж. Өчигдрийн байдлаар өвчилсөн 3000 гаруй ямаа устгаж, булсан байна. Анх Алтанбулагаас Цогт сум руу 12 ухна тээвэрлэн аваачсанаар уг өвчин тархсан нь шинжилгээгээр батлагдсан гэнэ. Цогт сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нар эрсдэлтэй бүсээс 12 ухна авчирч, малчдад зарснаар уг өвчин тархсан хэмээн нутгийн иргэд, хотоо харлуулсан малчид цахимд орчинд ярьж байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Тодруулбал, аймгийн Цогт сумын Төгрөг, Баян-Өндөр, Рашаант, Дэлгэр сумын Гуулин багт мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчин оношлогдож, тархалтын хүрээ нэмэгдэж байгаа тул халдварыг таслан зогсоох, голомтыг устгах, цаашид тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор есдүгээр сарын 29-нөөс хорио цээрийн дэглэм мөрдөж буй. Үүнийг ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөх бөгөөд хорио цээр тогтоосон бүсэд орох, гарах гол замд шалган нэвтрүүлэх хяналтын цэг байгуулжээ.
Ч.Цэлмэг