Тайландад үргэлжлэн орсон аадар борооны улмаас нийслэл Бангкок хот болон 31 муж үерт автаж, 24 хүн амиа алджээ. Тус улсын Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг бууруулах газрын мэдээллээр эл гамшигт 1.24 сая гаруй өрхийн 3.5 сая хүн өртсөн байна. Үерийн улмаас орон сууц, авто зам, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдсоноос гадна зарим бүс нутгийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Тухайлбал, Бангкок хотод 329 мянга орчим өрх үерт автсан бөгөөд хотын захиргаанаас тогтсон усыг зайлуулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байгаа аж. Эрх баригчдын мэдээлснээр нөхцөл байдал хүндрэхэд хойд нутгаас ирж буй үерийн ус болон сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний бороо голлох нөлөө үзүүлсэн гэв.
Үүний зэрэгцээ Тайландын Цаг уурын газраас энэ сарын 7-ныг хүртэл тус улсын хойд, төв, зүүн болон өмнөд хэсгээр аадар бороо орж, салхи шуургатай байхыг анхаарууллаа. Ялангуяа өнөөдөр, маргааш Бангкок хот болон төвийн бүсэд их хэмжээний бороо орох төлөвтэй тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлсэн байна.
У.Сүрэн