Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг өчигдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж эхэллээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд хэд хэдэн ажил, арга хэмжээ хэрэгжүүлэх аж. Тухайлбал, албан тушаалын гэмт хэрэг, гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хянан шийдвэрлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллагуудын төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулах, дүрэм журмыг хянаж, зөвлөмж өгөх гэнэ. Мөн Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс гаргасан авлига, ашиг сонирхлын зөрчил, бусад хууль тогтоомж зөрчсөн гомдол, мэдээллийг хянан шалгах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих юм байна.
Баян-Өлгий аймагт авлигын эрсдэл өндөр, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүс нь хүүхдийнхээ төрсөн өдөрт зориулаад сургуулийн газраас хумслан олгодог, халамж, дэмжлэгийг давхардуулж хууль бусаар авдаг, шүүх, шүүгч нь казах иргэдийн холбогдсон авлигын хэргүүдийг төдийлөн шийддэггүй зэрэг хэл ам их гардаг юм.
Г.Орчлон