ОХУ-ын Эрхүү мужид тарваган тахлаар нэг эмэгтэй нас барж, 200 орчим хүнийг тусгаарласан талаар “The Moscow times” мэдээлжээ. Тодруулбал, тус мужийн Шелеховын дүүрэгт дээрх халдварын улмаас амиа алдсан эмэгтэй тарваган тахлын эсрэг судалгааны байгууллагад лаборантаар ажилладаг байжээ. Түүнийг лабораторид тарваган тахлын үүсгэгчтэй ажиллаж байх үед хуруу шил хагарсны улмаас халдвар авсан байж болзошгүй гэж үзэж буй ч шалтгааныг нь эрүүл мэндийн салбарынхан нь эцэслэн батлаагүй аж.
“The Moscow times”-д мэдээлснээр хөрш зэргэлдээх Буриад улсын тэргүүн Алексей Цыденов тухайн эмэгтэйг тодорхойгүй хэлбэрийн тахлаар нас барсныг баталсан байна. Мөн тэрбээр тухайн эмэгтэй Буриадад очоогүй бөгөөд түүний халдвар авсан явдал нь тус бүс нутагтай ямар ч холбоогүй, тэр дундаа Монгол Улстай хиллэдэг газруудад тахлын дэгдэлт гараагүй гэжээ. Түүнчлэн гадаадад үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн сайт болон Кремлийг дэмжигч REN TV телевизийн мэдээлснээр нас барсан эмэгтэйг Эрхүүгийн тахал эсэргүүцэх хүрээлэнгийн ажилтан, 28 настай гэж тогтоожээ. Сорьцын дээж авах явцдаа амьд бактери агуулсан шинжилгээний хоолойг санамсаргүйгээр хагалсан тухайгаа эмнэлгийн ажилтнуудад хэлсэн аж. Тэрээр хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны шинж тэмдэгтэйгээр дүүргийнхээ эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн ч гурав хоногийн дараа амьсгал хураажээ. Иймд уушгины хэлбэрийн энэ тахал нь хоруу чанар өндөртэй, халдвар тархах эрсдэлтэй тул хил залгаа бүс нутгийнхан сэрэмжтэй байхыг зөвлөжээ.
Харин Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр дээрх мэдээллийг үгүйсгэв. Тодруулбал, ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны албанаас холбогдох хяналт, шалгалтын дүнг ирүүлж, тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй болохыг мэдээлсэн гэжээ. “ОХУ-ын “РИА Новости” мэдээллийн агентлагийн аравдугаар сарын 4-ний өдрийн мэдээлэлд дурдсанаар, Эрхүү хот дахь тус хүрээлэнд тарваган тахлын үүсгэгч бичил биетэнтэй ажиллах явцад осол, зөрчил гараагүй бөгөөд лаборантын өвчлөл нь эрхэлж байсан ажилтай нь холбоотой болохыг тогтоогоогүй байна. Мөн өвчтөнөөс тарваган тахлын үүсгэгч болон бусад эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй бөгөөд түүнд “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн онош тавьсан” хэмээв.
Ч.Цэлмэг