Хүүхдийн танин мэдэхүй, сэтгэл зүй, биеийн болон оюун санааны тэнцвэрт байдлыг хөгжүүлэх, шинжлэх ухаанд дурлуулах зорилготой Монголын анхны сургалт, хөгжлийн цогц төв “Эдүпарк” (EduPark)-ийнхан 100 гаруй улс оронтой хамт “Дэлхийн сансрын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр өнгөрсөн ням гарагт албан ёсны нээлтээ хийлээ. 21 аймаг, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрууд ч мөн эл өдөрт гурав дах жилдээ нэгдэж, цөөнгүй арга хэмжээ зохион байгуулах юм.
Сансрын аялал дэлгэцийн цаанаас бус, үзэж, судалж, оролдож, бүтээж, асууж, туршихаас эхэлнэ. “Эдүпарк”-ийнхан энэ жилийн сансрын долоо хоногийг “Пуужингийн хувьсгал” сэдвийн хүрээнд өрнүүлж, пуужингийн технологийн хөгжил, сансрын судалгаа, ирээдүйн төлөв, хүн төрөлхтний сансарт хүрэх аяллыг хүүхэд, залуусын сониуч зан, бүтээлч сэтгэлгээгээр дамжуулан нээнэ гэв.
Энэ сарын 10 хүртэл төрөл бүрийн сонирхолтой танин мэдэхүйн арга хэмжээ, бүтээлч хөтөлбөрүүд хэрэгжүүлэх бөгөөд эдгээр үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, үзүүлэн, тайзны хөтөлбөрүүд нь үнэ төлбөргүй гэдгээрээ онцлогтой. Гэхдээ шинжлэх ухааны туршилт, бүтээл хийх воркшопууд нь тасалбартай аж. Иймд эцэг, эхчүүд болон багш нарыг хүүхдүүдээ дагуулан ирж, сансар огторгуй, пуужингийн хувьсгал, түүний талаарх мэдлэгээ тэлж, өөрсдийн гараар сансрын бүтээл урлан, хөгжилтэй воркшопуудад оролцохыг урив. “Яагаад, яаж, хэрэв” гэсэн асуултад хариулт авч, шинэ зүйлс сурч, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсвэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, БНСУ-ын ЭСЯ-ны баруун урд байрлах “Эдүпарк”-ийг зориорой.
М.Гэгээ