Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040 хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн Спорт, амралтын цогцолборын барилга угсралтын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгчээ. Тус цогцолбор нь хоёр давхар барилга бөгөөд спорт заал, бөхийн дэвжээ, усан бассейн, саун, фитнессийн танхимтай аж. Мөн иог хийх өрөө, ресторан, кофе шоп болон спортын бусад үйл ажиллагаа явуулах танхимуудаас бүрдсэн орчин үеийн цогцолбор гэнэ. Мөн гадна спортын талбай, авто зогсоолыг цогцоор нь шийдсэн аж.
Энэхүү бүтээн байгуулалт нь Ханбогд сумын иргэдийг спортоор хичээллэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, чөлөөт цагаа гэр бүл, хамт олноороо зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг Засаг даргын тамгын газраас нь онцоллоо.
Цаашид холбогдох бэлтгэл, зохион байгуулалт, хүний нөөц бүрдүүлэх ажлыг дуусган, иргэдэд үйлчилж эхлэх гэнэ. Дээрх цогцолборыг “Ханбогдын хөгжлийн хурдасгуур-Оюу Толгойн сан”-гийн санхүүжилтээр “Sketch LLC” “ProPM” компанийн түншлэл барьжээ.
С.Дулам