Улирлын томууны эсрэг дархлаажуулалт улсын хэмжээнд 60 хувьд хүрчээ. Зорилтот бүлгийн 301 578 хүн вакцинд хамрагдсаныг ЭМЯ-наас мэдээлэв. Улаанбаатар хотод хамрагдалт 65, орон нутагт 53.7 хувьтай байгаа аж. Одоогоор зургаан сартайгаас нэг нас хүртэлх хүүхдүүдийн 58.6, 1-2 насныхны 36, 3-6 насныхны 81.5 хувь нь вакцин хийлгэсэн байна. Гэхдээ бага насны хүүхдүүдийг бүрэн вакцинжуулах зорилт хараахан биелээгүй учраас дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл сунгажээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчдыг томууны вирусний идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ вакцинд хамруулахыг албаныхан зөвлөлөө. Хүүхдийн вакциныг эцэг, эхийн зөвшөөрөлтэй, заавар, ач холбогдлын талаарх мэдээлэл өгсний дараа хийнэ. Мөн асран хамгаалагчид хүүхдийнхээ вакцинжуулалтын түүхийг үнэн зөв мэдээлэх шаардлагатай.
О.Оргилох