Нийслэлийн Статистикийн газраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний өнгөрсөн долоо хоногийн үнийн мэдээллийг гаргав. Үүнд Улаанбаатарын дийлэнх дэлгүүр, худалдааны төвд “Атар” талх 2840-3000 төгрөгийн үнэтэй байгааг дурджээ. Харин “Мишээл” талхыг 3900-4250 төгрөгөөр борлуулж байв. Өнгөрсөн жилийн энэ үед “Атар” 2600-2700, “Мишээл” нь 3500-3700 төгрөгийн үнэтэй байсныг дээрх газрын тайланд бичжээ. Энэ нь эдгээр талхны үнэ жилд дунджаар 300 орчим төгрөгөөр өссөн дүн юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн байдлаар үйлдвэрийн сүү литр нь 5100-5600, цөцгийн тос 200 грамм нь 10 700-12 000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь 2025 оны аравдугаар сарын эхний долоо хоногийнхоос сүү литр тутамдаа дунджаар 300, цөцгийн тос 2000 орчим төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Сүү, талх, цөцгийн тос, тараг зэрэг ширхэг, литрээр худалддаг зарим бүтээгдэхүүний ханш хаана, ямар дэлгүүрт борлуулж буйгаас шалтгаалан 300 хүртэлх төгрөгийн хэлбэлзэлтэй байна.
С.Цэрэн