Манай улсын нүүрсний геологийн нөөцийг 173, баталгаажсан нөөцийг нь 37.3 орчим тэрбум тонн хэмээн тооцдог. Үүгээрээ бид дэлхийд 30 орчимд эрэмбэлэгддэг. Мөн манайх нүүрсээс цахилгаан, дулаанаа хангахын зэрэгцээ экспортлон борлуулж, төсвөө бүрдүүлдэг улс. Өнгөрсөн жил төсвийн орлогын 28 хувийг эрдэс баялгийн салбараас бүрдүүлж, нийт экспортын 86 хувьд нүүрс ногдсон. Түүнчлэн 2020 онд 43.6 сая тонн нүүрс олборлож, 28.7 сая тонныг экспортолсон бол өнгөрсөн жил 100.5 сая тонныг олборлож, 97 сая тонныг нь урд хөрш рүү нийлүүлж ахиц гаргасан. Товчхондоо, Монгол бол нүүрсний эх орон. Тиймээс ч нүүрс олборлолтын биет хэмжээ, экспорт өсөх тусам компаниудын орлого нэмэгдэн, улмаар татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт ч эерэг нөлөө үзүүлдэг. Мөн нүүрсний экспортын өнгөрсөн жилийн дүнгийн 30 гаруй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани бүрдүүлсэн. Гэхдээ түүхий нүүрс зарах нь хувийн ч, “хувьсгалын” ч компанийн урт хугацааны зорилго биш болов уу. Бид аль болох боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн хийж, борлуулбал аль аль талдаа ашигтай. Ялангуяа 2025 оноос агаарын бохирдлыг бууруулах зорилгоор урд хөршөөс хагас коксон нүүрс худалдан авч, хэрэглэж эхэлсэнтэй холбоотойгоор нүүрс баяжуулах, ахисан шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар эрчимтэй ярьж эхэлсэн. Бид нүүрсэндээ нэмүү өртөг шингээж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах уу. Чадвал хэзээнээс нүүрсээ “алт болгох бол”, хэр хэмжээний цаг хугацаа, хөрөнгө зарцуулах бол. Энэ талаар мэргэжилтнүүд, салбарын холбоо, байгууллага юу хэлэв.
Манай улс экспортод түүхий нүүрс нийлүүлэхийн зэрэгцээ баяжуулсныг нь гаргаад цөөнгүй жил өнгөрч буй аж. Баяжуулсан болон бусад шинж чанараар нь ангилбал 14-15 төрлийн нүүрс нийлүүлж байна. Одоогоор нүүрс нойтон аргаар баяжуулах 25, хуурай баяжуулах 23 үйлдвэр бүртгүүлжээ. Эдгээрийн суурилагдсан хүчин чадал 75.9 сая тонн аж. Ирэх таван жилд мөн эдгээр аргаар баяжуулах 14 компани үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй гэсэн. Ингэснээр жилд нийт 160 орчим сая тоннд баяжуулсан нүүрс бэлтгэх боломжтойг Монгол нүүрс ассоциациас мэдээллээ. Тус ассоциацийн менежер Б.Болдбаатар “2025 онд манай орны нүүрсний салбар түүхэн дээд амжилтад хүрч, нийт олборлолт 100 сая тонноос давсан. Үүний 90 хувийг экспортолсон бол үлдсэнийг нь дотоодын дулаан, цахилгааны станцуудад нийлүүлжээ. Олон улсын зах зээлийн таагүй нөхцөл, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шалтгаалж нийт олборлолттой харьцуулахад эдийн засагт үзүүлэх нөлөө бага гэхэд болно. Тиймээс бид цаашид олборлолтын биет хэмжээнд бус, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, зах зээлийн зөв зохицуулалтад суурилсан бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Экспортын нүүрсийг үе шаттайгаар угаах, улмаар гүн боловсруулах үйлдвэрийг дэмжсэнээр салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, эдийн засагт үзүүлэх нөлөө нь өгөөжтэй, өндөр болж ирнэ.
Баяжуулах үйлдвэрүүд олон байгаа ч бүрэн хүчин чадлаараа, бүгд ажиллахгүй байна. Энэ нь цөөнгүй шалтгаантай бөгөөд баяжуулах үйлдвэрт ногдуулж буй Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ыг бууруулах шаардлага бий. Мөн нүүрсний экспорт өсөхийн хэрээр үнэ буурч буйд анхаарч, урт хугацааны стратеги боловсруулах нь зүйтэй. Цаашид коксон нүүрсийг бүрэн баяжуулах, эрчим хүчний нүүрсийг хуурай аргаар баяжуулан нийлүүлэх шаардлага тавих нь зүйтэй. Мөн нийт олборлосон нүүрсний баяжуулалтын хэмжээ 20 хувь байгааг нэмэгдүүлж, АМНАТ-аар дэмжвэл нүүрс боловсруулах шат ахина. Мэдээж манай нүүрсний салбарын бүтээмж нэмэгдэж, баяжуулалтын хувь өсөж байгааг дурдах нь зүйтэй. Цаашид нүүрс, химийн үйлдвэр, нүүрсэнд суурилсан аж үйлдвэрлэл улам хөгжих найдвар бий. Ингэхийн тулд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай. Бас эрх зүйн зохицуулалт, урт хугацааны бодлого ч хэрэгтэй” гэв.
НҮҮРС, ПИРОЛИЗИЙН ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2018 оноос нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглосон. “Тавантолгой түлш” компанийн дотоодод угаасан шахмал түлшийг хэрэглэхийн зэрэгцээ урд хөршөөс хагас коксон нүүрс худалдан авдаг болсон. Хагас коксжуулна гэдэг нь түүхий нүүрсийг 500-700 хэмд нэрж боловсруулан, хорт бодисоос нь ялган цэвэршүүлэх үйл явц. Манайд ийм технологи одоогоор байхгүй бөгөөд бид коксон нүүрс авахад 2025-2026 онд 300 орчим тэрбум төгрөг төлсөн. Тэгвэл ийм үйлдвэрийг Багануур дүүрэгт барьж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дурдав. Тус яамнаас “Багануурт үйлдвэрлэл, технологийн парк барихаар төлөвлөсөн. Үүний хүрээнд Багануурын нүүрсний ордыг түшиглэн жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж 600 мянган тонн хагас коксон бүтээгдэхүүн гаргах боломжтой. Мөн 82 000 тонн давирхай, пиролизийн хийг ашиглан 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Төслийн нийт санхүүжилт 134.3 сая ам.доллар. Төслийн газар шорооны бэлтгэл ажлыг энэ улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу явбал 2028 оны I улиралд ашиглалтад оруулж, II улирлаас нь бүтээгдэхүүнээ нийлүүлэх тооцоо бий. Ингэснээр 440 орчим байнгын ажлын байр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт жил бүр 22 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, сайжруулсан түлшинд олгодог татаас жилд 200-250 тэрбум төгрөгөөр буурах боломжтой. Түүнчлэн Багануурын уурхайн ашиглалт, хүчин чадал, эдийн засгийн үр ашиг өснө” гэлээ.
ЧУЛУУН ТҮЛШНИЙ САЛБАРЫН САНХҮҮЖИЛТ БУУРСАНГҮЙ
Нэг тонн нүүрсийг манай улс 60 ам.доллароор экспортолдог гэе. Тэгвэл коксжуулбал 600-800 кг бүтээгдэхүүн гарч 150 “ногоон” болно. Хэрэв метанол гарган авбал ханш нь 180, аммиак үйлдвэрлэбэл бүр 300 ам.доллароос дээшилдэг аж. Өөрөөр хэлбэл, 60 ам.доллар буюу 210 орчим мянган төгрөгийн түүхий эдээс нэг сая төгрөгийн үнэ бүхий чухал бүтээгдэхүүн бий болгох боломжтой. Гэхдээ нэмүү өртөг шингээсэн үйлдвэр барихад зардал их гарах нь дамжиггүй. Хувийн хэвшлийнхэн эдийн засгийн ашиг, урт хугацааны төлөвлөгөөнд суурилж нүүрсний үйлдвэрүүд барина уу гэхээс өнгөц хандахгүй нь лав. Өмнөговьд үйл ажиллагаа явуулж буй нүүрсний тусгай зөвшөөрөл бүхий 320 гаруй компанийн хувьд бэлэн худалдан авагч, тээвэр ложистик байхад үйлдвэр барьж илүү зардал гаргах нь юу л бол. Бас урд хөршийнхөн ч манайхаас түүхий, хямд нүүрс худалдан авч, ханган нийлүүлэгчээр ажиллуулах сонирхол өндөр. Тиймээс төрөөс шахаж, татварын бодлогоор дэмжиж, түүхий нүүрсний баяжуулалт, боловсруултын хувийг өсгөж байж үр дүнд хүрнэ. Хэтрүүлж хэлбэл, чулуун нүүрсээ “алт болгох”, өндөр ашиг олох, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрийн бодлого хамгаас чухал. Хангалттай түүхий эдтэй учраас зөвхөн бүтээгдэхүүн хөгжүүлэлт л манайд дутуу байгааг хэлэх нь илүүц биз.
Үүнээс гадна дэлхий дахинд ногоон эдийн засаг хүчээ авч, хатуу түлшний зах зээл хумигдаж байгаа талаар мэдээлдэг. Бид нүүрсээ өндөр үнэтэй үед нь хурдан борлуулах, аль болох их ашиг олох ёстой гэсэн ойлголттой. Ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих уриалга олон улсад хүчтэй өрнөж буй ч хувийн хөрөнгө оруулалтын сангууд чулуун түлшний салбарт санхүүжилтээ улам ахиулж буй аж. Тухайлбал, S&P Global агентлагийн мэдээлснээр энэ оны эхний хагас жилд хийсэн уламжлалт эрчим хүчний хэлцлүүд 14.7 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний бараг 70 хувь буюу 10.1 тэрбум ам.доллар нь Европын Холбооны улсуудад ногдсон юм байна. Шинжээчдийн хэлж буйгаар уламжлалт эрчим хүчний эрэлт ийнхүү өндөр хэвээр байгаа нь хиймэл оюуны болон дата төвүүд олширч буйтай холбоотой гэнэ. Ийм төвүүдийг тасралтгүй, найдвартай ажиллуулахын тулд асар их хэмжээний цахилгаан шаардлагатай. Үүнийг сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлэх боломж бага, одоогоор тийм эх үүсвэрийн хүчин чадал хангалтгүй, найдвартай биш. Тиймээс хатуу түлшинд тулгуурласан цахилгаан станцуудын эрэлт хэрэгцээ улам бүр өсөх хандлагатай гэнэ. Бас хатуу түлшнээс гарган авсан, шингэн, хийн бүтээгдэхүүний хэрэглээ ногоон эх үүсвэрийнхээс найдвартай, хямд байх боломжтойг ч мэдээлсээр буй юм.
С.Дулам