Ази, Европын уулзалт (AСЕМ)-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх удаагийн албан бус семинарыг энэ сарын 12-14-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Эл цуврал арга хэмжээг дээрх бүс нутаг дахь иргэний нийгмийн байгууллагууд болон Засгийн газар хоорондын хүний эрхийн асуудлаарх харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулжээ. Өдгөө энэ нь төрийн байгууллага, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, судалгааны төв болон холбогдох бусад оролцогч талын төлөөллийг өргөн хүрээнд хамруулдаг, хүний эрхийн асуудлаар нээлттэй, хүртээмжтэй, тэнцвэртэй яриа хэлэлцээ өрнүүлдэг онцгой талбар болон хөгжсөн байна. Тэгвэл уг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс 25 жилийн түүхт ойгоо тохиолдуулан Улаанбаатар хотод зохион байгуулах санаачилга гаргасныг AСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус семинарын хороо болон Ази, Европын сан дэмжжээ.
Ингэхдээ “Хүний эрхийн ирээдүй: Орон нутгаас бүс нутаг, дэлхий нийтийн түвшинд” сэдвийн хүрээнд зохион байгуулж, хүний эрхийн нийтлэг үнэт зүйлийг хамгаалах, шинэ тутам бий болж буй сорилт, боломжийн талаарх харилцан ойлголцлыг бэхжүүлэх, Ази, Европын улс орнуудын сайн туршлагыг хуваалцах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох арга замуудыг эрэлхийлэх нь.
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх удаагийн албан бус семинарт Ази, Европын 51 улсын хүний эрхийн үндэсний болон төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, мэргэжилтнүүд, хуульчид, олон улс, бүс нутгийн түвшний төлөөлөл оролцох бол энэ үеэрх нэгдсэн хуралдаан, ажлын хэсгийн хэлэлцүүлэгт 100 гаруй хүн хамрагдахаар урьдчилан бүртгүүлжээ.
Ж.Сувд