Нэгдүгээр ангийн сурах бичгийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэх болсон, чанар, агуулга нь муудсан талаар “Монсудар” хэвлэлийн газраас өчигдөр мэдээлэл өглөө. Тус компанийн захирал Р.Энхбат “Эхнээсээ хэнийг, хэрхэн, яаж шалгаруулж, хэдэн төгрөг өгөх вэ гэдэг бүх зүйлээ төлөвлөөд тендер зарладаг болсон нь туйлын харамсалтай. Яг ийм хайрцагт бид ороод гарлаа. Төр өөрийн хийх ёсгүй ажилд оролцож, эрх мэдэл, мөнгө хүчтэй болохын цагт мэргэжлийн хүмүүсээ үл ойшоож байна. Монголд бүртгэлтэй 120 гаруй хэвлэлийн газар бий. Тэдний дунд зарласан нэгдүгээр ангийн сурах бичиг хэвлэх, зохиох тендерт “Монсудар” ч оролцсон. Гэтэл УИХ-ын хоёр гишүүн, тэдний нэг нь сайдаар ажилладаг ийм хүмүүсийн компаниудыг тендерт шалгарууллаа. Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамирын оролцсон шалгаруулалт мэргэжлийн түвшинд явагдаагүй” гэв. Тус хэвлэлийн газрын хуульч “Нэгдүгээр ангийн хүүхдийн сурах бичгийн эх зохиох, хэвлэн түгээх тендерт материал ирүүлсэн компаниудад оюуны өмчтэй холбоотой асуудал үүссэн. 2024-2025 онд татвар төлөгчдийн 6.7 тэрбум төгрөгөөр боловсруулсан туршилтын сурах бичгийг оролцогч компаниуд өөрсдөө зохиосон мэтээр оруулж ирсэн байна” хэмээв. Түүнчлэн энэ онд Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталсан. Гэвч эдгээр сурах бичиг нь шинэчилсэн сургалтын хөтөлбөрт нийцэхгүй байгааг онцолсон юм. Тухайлбал, “Би сурагч боллоо” номыг хиймэл оюунаар бүтээснээс гадна даалгавар болон зураг нь алдаатай байжээ. Түүнчлэн математикийн сурах бичгийн агуулга нь зургаан настай хүүхдэд хүндэдсэн, тэнцэтгэл биш илэрхийлэл зэрэг сэдэв багтаасныг хуралд оролцогчид шүүмжлэв.
Ч.Болор