Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өчигдөр Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) болон Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо, орон нутгийн мал эмнэлгийн газрын удирдлагуудтай цахим болон танхимын уулзалт хийв. Энэ үеэр малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө болон дунд шатны байгууллагуудад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар МЭЕГ-ын хэмжээнд 17 тэрбум төгрөгийн өр үүссэнээс өдгөө долоог нь барагдуулаад буй аж. Мөн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн хяналтын систем доголдсоныг сэргээсэн гэнэ. Цаашид салбарын төсөв, санхүү, хүний нөөц, техник, тоног төхөөрөмж, байрны хангамж, хүрэлцээтэй холбоотой асуудлыг шат дараатай шийдэхээр ажиллаж байгаагаа тэрээр мэдээллээ. Түүнчлэн Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг инфляцын түвшинтэй уялдуулан малын тарилгын үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн эмч нарын ажлын хөлсийг цаг алдалгүй шилжүүлэх шаарлагатайг уламжлав. Үүнээс гадна манай улс шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг импортоор авахад сүүлийн таван жил 70 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Тиймээс вакцины импортын хамаарлыг бууруулах зорилгоор “Биокомбинат” ТӨХХК-ийг түшиглэн дотооддоо урьдчилан сэргийлэх тарилга үйлдвэрлэх тодорхой ажлууд эхлүүлснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
С.Дулам