Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах нийслэлийн салбарын зөвлөлийн хурлаар боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн асуудлаар хэлэлцэж, Хараагүйчүүдийн болон бусад чиглэлээрх төрийн бус байгууллагуудын төлөөллүүд санал солилцжээ. Тодруулбал, зам дэд бүтэц, хот төлөвлөхдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд хэрхэн нийцүүлж байгааг хэлэлцэж, ирэх оны төсөв батлахаас урьтаж эрхээ хангахтай холбоотой төсвийг төрийн бус байгууллагынхантай хамтарч төлөвлөхөөр тогтсон байна.
Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийн асуудлыг онцолсон юм. Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй 5097 хүүхэд суралцаж буй. Тэдний 4030 нь сургууль, 1067 нь цэцэрлэгт хамрагддаг аж. Нийт сурагчийн 64 хувь нь Баянзүрх, Хан- Уул, Сүхбаатар дүүргийн боловсролын байгууллагад суралцдаг юм байна. Хүүхдүүдийн 35.6 хувь нь аутизмын хүрээний эмгэгийн, 16.7 хувь нь хавсарсан хэлбэрийн, 13.1 хувь нь оюуны, 11.5 хөдөлгөөний, 6.8 хувь нь сонсголын, 5.8 хувь нь ярианы болон сэтгэцийн, 5.6 хувь нь харааны, 4.9 дауны хам шинжийн бэрхшээлтэй байжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд биш, энгийнхэд суралцахыг дэмжиж, сургууль, цэцэрлэгийн орчныг ээлтэй болгох, багшийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүйд сургах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, хяналтыг сайжруулахад анхаарах шаардлагатайг салбарын зөвлөлийн хурлаар хэлэлцэв.
Ч.Туяа