Туркийн Истанбул хотод сүүлийн 80 гаруй жилд тохиогоогүй хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, дөрвөн хүн амиа алдаж, гурван иргэн сураггүй алга болжээ. Энэ сарын 14-нөөс эхлэн орсон аадар борооны улмаас орон сууц, худалдааны төвүүд усанд автаж, автомашинууд урсгалд туугдан, замын хөдөлгөөн саатсан байна.
“Associated рress” агентлагаас мэдээлснээр тус хотод 48 цагийн турш орсон хур тунадасны хэмжээ ес, аравдугаар сарын олон жилийн дундаж нийлбэрээс давжээ. Мөн Истанбул хотын захиргааны мэдээллээр үерийн 1277 тохиолдол бүртгэгдэж, 15 газарт хөрсний гулгалт үүссэн аж. Мөн 808 өрх, 280 аж ахуйн нэгжийн байр, 76 автомашин үерт өртөж, 47 хүн усанд бүслэгдэн тусламж хүсжээ. Зарим газарт мод унаж, барилгын дээвэр эвдэрсэн байна. Түүнчлэн Туркийн цаг уурын байгууллагаас өнөөдөр ч Истанбул болон ойролцоох дөрвөн мужид хүчтэй аадар бороо орохыг анхааруулсан байна. Үүнээс гадна тус улсын хэмжээнд нийт 45 мужид цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг гаргажээ.
У.Сүрэн