Чехийн нийслэл Прага хотод энэ сарын 15-нд 350 мянга орчим хүн цугларч, олон нийтийн телевиз, радиогийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэн жагслаа. Энэ нь 1989 оны коммунист дэглэмийн эсрэг “Хилэн хувьсгал”-аас хойших хамгийн олон хүн хамарсан жагсаалуудын нэг болжээ. Иргэдийн үзэж буйгаар уг өөрчлөлтийг хэрэгжүүлбэл хэвлэл мэдээллийн байгууллагууд төрөөс санхүүгийн хувьд хамааралтай болж, редакцын хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аж.
Чехийн Ерөнхий сайд Андрей Бабишийн тэргүүлсэн Засгийн газар олон нийтийн телевиз, радиогийн үйл ажиллагааг иргэд, ажахуйн нэгжийн төлдөг хураамжаар бус, улсын төсвөөс санхүүжүүлэх санал дэвшүүлсэн нь ийнхүү эсэргүүцэлтэй тулгарав. Одоогийн тогтолцоогоор телевизтэй өрх сар бүр 150, радиотой бол 55 крон төлдөг юм байна. Харин Засгийн газар эл аргыг халж, хоёр байгууллагын төсвийг улсын сангаас олгохоор төлөвлөжээ. Ингэснээр тэдний санхүүжилт одоогийнхоос ойролцоогоор 15 хувиар буурах тооцоо гарсан байна. Энэ нь ажилтнуудын орон тоог цөөлөх, нэвтрүүлгийн тоог багасгах, зарим хөтөлбөрийг зогсооход хүргэж болзошгүй аж. Түүнчлэн төсвийн хэмжээг Засгийн газар шийддэг болсноор санхүүжилтээр дамжуулан редакцын бодлогод нөлөөлөх боломж бүрдэнэ гэж сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагынхан үзэж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эрх баригчдын бус, нийт иргэдийн эрх ашгийг төлөөлөх ёстойг жагсаалд оролцогчид онцолжээ. Ташрамд дурдахад, тус улсад олон нийтийн телевиз, радиогийн хараат бус байдлыг хамгаалах зорилгоор өнгөрсөн сарын 25, энэ сарын 3, 15-нд нийт гурван удаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулаад байна.
Э.Сондор