Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хустайн байгалийн цогцолцорт газрынхан Прагийн амьтны хүрээлэнтэй хамтран манай орны зүүн бүсэд тахь нутагшуулах “Дорнын тахь” төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй. Төслийн эхний шатанд хээрийн судалгаа, хяналт мониторинг, бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж, 2026 оноос эхний тахийг нутагшуулах урьдчилсан төлөвлөгөө гаргаад байсан юм. Тэгвэл энэ хугацааг 2028-2029 он болгож хойшлуулжээ. Тодруулбал, төслийн хээрийн судалгаа, бэлтгэл ажлыг ирэх онд багтаан дуусгаж, дараа жилээс нь тахийн сүргийг тээвэрлэн авчирч, нутагшуулахаар төлөвлөсөн байна.
Монгол, Чехийн хамтарсан төслийн хүрээнд сүүлийн 30 жилд Хустайн нуруу, Тахийн болон Хомын талд Пржевальскийн адууг амжилттай сэргээн нутагшуулсан. Одоо манай улсын хэмжээнд, эдгээр бүсэд нийт 900-1000 бодгаль тахь бий бөгөөд Монгол энэ төрлийн амьтны тоо толгойн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй. Дээрх төслийн хүрээнд манай улсын дөрөв дэх бүсэд буюу Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Сүмийн хоолой хэмээх газарт тахь нутагшуулах юм. Тахь сэргээн нутагшуулах газрын тоо нэмэгдэхийн хэрээр экосистемийн бүрэлдэхүүн, амьдрах орчны ялгаатай байдлаас эхлээд судлагдахууны цар хүрээ өргөжиж буйг судлаачид дурдлаа. Тиймээс Сүмийн хоолойд өргөн хүрээний судалгаа шинжилгээ тогтмол хийж байгаа аж. “Дорнын тахь” төсөлд МУИС, ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн, Монгол орны хөхтөн судлалын нийгэмлэг зэрэг олон байгууллагын судлаач, эрдэмтэд оролцож байна.
Н.Мишээл