“Шударга ёс” эвсэл яаж ийгээд Монголын улс төрийг өөрийн зоргоор донсолгож, эс бөгөөс намжааж дөнгөөд л байгаа юм. Санаатай, эсвэл санаандгүйгээр, гудамжинд байхдаа ч, Төрийн ордонд орсон хойноо ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл улс төрийн амьдралын гол дүрд тоглосоор байна. Тэднийг үг хэлээ олоход засаг төр эмхлэгддэг, ам мурийсан сургаар нь сайд нар танхимаараа чичирхийлдэг болж байна. Тэдний хүч нь юундаа байгаа хэрэг вэ? Авлигын хэргээр хууль сахиулах албанаас хөөг дөж байсан З.Баянсэлэнгэ хууль тогтоогч болж томоожив. Аргаа баран, улс төрийн нам бүрийн гишүүнчлэлтэй болж үзсэн Л.Цог УИХ-ын дэд даргаар томилогдож, одоо л нэг хэрсүүжлээ. Гэх мэт тохиолдлын хүмүүс эвслийн шугамаар УИХ-д сонгогдсонд олон нийтийн гайхаш нэг хэсэгтээ тасраагүй, харин амны зугаа хийн өхөөрдөн хөөрөлддөг нь өнөө хэр хэвээрээ л байна.
Хүмүүс гэм хоргүй шооч яриа өрнүүлэнгээ хааяа нэг эвслийнх нь гол лидер Н.Энхбаярын эрүүл мэндэд санаа тавьж, зурагтын суваг эргүүлж байх зуур “Шударга ёс” эвслийн дотоодод ан цав үүссэнийг илтгэх баримтууд хэвлэлийн хуудаснаа өдөр алгасахгүй дэлгэгдэх болов. МАХН-ын З.Баянсэлэнгэ одоогоор МҮАН-ын Г.Уянгатайгаа муудалцаагүй, томоотой байж л байна. Л.Цог намаа дахиад солино гэж хөнгөдөөгүй, зүгээр л даргаа хийгээд тогтвор суурьшилтай явж л байна. Тохиолдлын хүмүүс бол зүгээр л жагсаалтад торсон санаандгүй сонголт учраас мэдээж тэд улс төрийг савлуурдах хүчгүй л дээ. Гэвч МАХН, МҮАН-ын хооронд үүссэн ан цав улс төрд бөөн таамаг, эргэлзээ, ойлгомжгүй байдал авчирлаа. Монголын улс төр сонгуулиас хойш дохио зангаа, үг хэл төдийхнөөрөө юм юмыг хөдөлг өж чадах Н.Энхбаяр, М.Энхсайхан хэмээх хоёрхон хүчтэнтэй болсон. Тэд хамтдаа байхдаа хүчтэй. Нэг эвслийн хоёр лидерт ийм их хүч төвлөрсөн нь олонх АН-ыг ч, хүчтэй цөөнх МАНыг ч дуртай үедээ өөрсдөдөө татах, дургүйгээ хүрвэл өөрсдөөсөө түлхэх ашигтай байрлал, алтан боломжийг бүрдүүлсэн юм. УИХ-ын 2012 оны сонгуулийг тохиолдуулан, есөн жилийн гэрээтэйгээр хуримласан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “амраглал” улс төрийг нэг бол театр, нөгөө бол цирк болгон хувиргах бүрэлбаатай байв. Гэтэл нэг эвслийн хоёр лидер нэгэн зүгт харахаа болив. Н.Энхбаяр шоронд, М.Энх сайхан гудамжинд байгаа учраас ийнхүү хоёр тийш зөрж харав уу? Хэн хэн нь их улс төрөөс жийгдэн гудамжинд гарснаа, зовлонт өдрүүдэд нэгнээ түшсэнээ мартаж, эвсэлд нэгдэн ялалт байгуулсан зорилгоо ч үл хэрэгсэж эхэллээ.
Эгэл бус өдрүүдийг хамтын тэмцлээр сөрж гарсны дараа ийм амархан хамраа сөхөцгөөж байгааг хүмүүжлийн доголдол буюу сэхүүн зан, аль эсвэл сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг буюу гомдол, тунирхал гэж ойлгох уу. Хоёр эрхмийн биенээ олж харсан, нөхөрлөж шадарласан анхны харц ердөө л эрх мэдэл, албан тушаалын үнэтэй байжээ гэсэн ганцхан тайлбар энд үнэн сонсогдож байна. Үгүй тэгээд эрх мэдэл, албан тушаалын төлөө ч гэсэн хоёр биенээ ингэж сайхан, яг олж нөхөрлөнө гэдэг бас ховор учрал. Тэд гар нийлж, олон бартааг хамтдаа даван туулсан атлаа зөвхөн албан тушаалаас болоод салж нийлэхдээ тулах ч гэж. Хоёулаа адилхан хор шартай, өс хонзонтой, хоёулаа хүчирхэг. Ийм хүмүүс нэг эвслийн дээвэр дор адилхан лидер байж зохицдоггүй л юм байна. Гол дүрүүд хоёул хүмүүжлийн доголдолтой болж таарлаа. Энэ нь “Шударга ёс”-ны хамгийн эмзэг цэг гэдгийг тэдний өрсөлдөгчид андахгүй биз ээ. Юу болов? Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын дундуур ямар гээч хар муур гүйчихэв? Хар муур нь эзэн биегүй Сангийн сайдын суудал. Энэ муу сандайлгаас хамаг хэрэг мандсан. М.Энхсайхан нөхдөө МҮАН-д ногдсон 30 хувийн квотоор сайд болгоод, дээр нь өөрөө Сангийн сайдаар ажиллахаар сэтгэл шулуудсан нь Н.Энхбаярт таалагдсангүй. “Шударга ёс”-ыг эрх баригч болгож, гудамжны хүмүүсийг олбог суудалтай залгуулсан гол баатар шоронд ийм мэдээ хүлээн авахад мэдээж хүнд тусна. Хүмүүс Н.Энхбаярын сууг аажмаар мартаж, М.Энхсайханыг гол хүн гэж харах нь жинхэнэ лидерт таалагдахгүй. Тиймээс нэгэн цагт Н.Энхбаярт үнэнхүү сэтгэл алдарснаа тунхаглан, магтуу шүлэг зохиосноо хайрхан уулын орой дээрээс хад хавцал цуурайтуулан уншиж байсан М.Энхсайханд Сангийн сайдын суудал олдсонгүй. Ийнхүү тэдний сэтгэл хөржээ. М.Энхсайхан Н.Энхбаярын МАХН-д татагдахаа больсон бол тэгээд л гүйцээ. Н.Энхбаяр М.Энхсайханыгаа цусгүй гомдоочихсон байдаг. Шоронгоос уучлалт гуйх боломжгүй, ер нь бол хүндэтгэх шалтгаантай хүн нь би гэж Н.Энхбаяр өөрийгөө зөвтгөж буй биз. Гэхдээ “Шударга ёс” эвслийг задалж, улмаар эрх мэдлийг дахин хуваарилах хүч МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан хоёрт бий. Нэг нь шоронд, нөгөө нь гудамжинд байгаа атал АН-ын дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа энэ хоёр хүний гараар орох эгзэгтэй нөхцөл байдал нүүрлэсэн нь олны анхаарлыг эрхгүй татаж байна. Хэргийн учир Н.Энхбаяр МАНтай, АН-тай, М.Энхсайхан ганцхан АН-тай тооцоотой. Тооцоотой байна гэдэг ярьж тохирох, эргэж холбогдох шижим байдагчлан Н.Энхбаярт одоо МАН, АН хоёул тал засаж буй. Түүний хүү Э.Батшугарын гарт Монгол Улсын мөнгөний бодлогыг атгуулж буй АН-ын үйлдэл үүний нэгэн жишээ болох юм.
Харин М.Энхсайханд АН-тай холбогдох л гарц бий. Улс төрийн өс хонзонгоо мартаад тэврэлдье гэвэл Н.Энхбаярт хоёр, М.Энхсайханд нэг хувилбар байгаа. Тэдэнд нүүдэл хийх боломж байгаа нь “Шударга ёс”-ыг хүчтэй болгож байна. Шинэ тулгар Засгийн газрын дээвэрт багтах хүртлээ огцом дүүлсэн МАХН, МҮАНчууд энэ сонгуулиар тарьсан ургацаа хураах яагаа ч үгүй байж, бүр тэгээд яг орон нутгийн сонгуулийн өмнөхөн салж сарнихдаа тулаад ирсэн нь яавч ялигүй хэрэг биш юм. Тун удахгүй улс төрийн томоохон сорилт болдгийн даваан дээр орон нутгийн сонгуульд МҮАН-тай эвсэж орохгүй гэсэн шийдвэр гаргасан анхан шатны байгууллагууд МАХН-д нэг бус тоологдох болов. МАХН эвслийн гэрээнийхээ заалтаас татгалзаж, орон нутгийн сонгуульд дангаар орох бодлого баримтлах болсноо зарлаж байгаа нь “Шударга ёс” эвсэл цаашид удаан оршин тогтнохооргүй болжээ гэсэн таамаглалд үндэслэл нэмж байна. Түүнчлэн М.Энхсайхантай хамт 15 жилийн турш улс төрд зүтгэсэн Ц.Цолмон МАХН-д элслээ. Энэ нь УИХ-ын сонгуулийн өмнө Н.Энхбаярт өгсөн андгай тангарагархуу зүйл байсан гэнэ. Ц.Цолмонгийн хэлснээр бол, түүний араас МҮАН-ын олон гишүүн МАХН-д элсэх гэнэ лээ. Ц.Цолмон МАХН, МҮАН-ыг нэг нам болгох байр сууриа илэрхийлж байсан нь саяхан. Гэвч М.Энхсайхан намаа МАХН-д нэгтгэх андынхаа саналыг эсэргүүцсэнээр эвсэл доторх ан цав улам бүр илэрхий болж байна.
Одоо “Шударга ёс” цаашид хэрхэх бол? Н.Энхбаярт өгсөн шүүхийн ял шийтгэлд маш хүндэтгэлтэй хандаж буйгаа М.Энхсайхан тов тодорхой хэлчихээд байхад МАХН-ынхан МҮАН-тай эвлэлдэн нэгдсэн хэвээр, хамтдаа хол замыг туулах нь эргэлзээтэй. Гэхдээ улс төрд жижиг биш тоглогчийн хувьд “Шударга ёс” эвсэл задарч буй тухайгаа орон нутгийн сонгуулийн өмнө зарлаж, огцом эргэлт хийхгүй нь лавтай. Харин сонгуулийн дараа тэд яах бол? МАН, АНын алинд ч “Шударга ёс” эвслийг задлах улс төрийн асар их хүсэл сонирхол байгаа нь мэдээж. МАХН-ыг МАН, МҮАН-ыг АН өөртөө нэгтгэж, эрх мэдлийн дахин хуваарилалт хийх эрэлхийлэл байхгүй гэж хэлэх магадлал бас л бага. Түүнчлэн энэхүү эвслийг задлаад, МАН, АН хоёр Засгийн эрхэнд гарах хувилбар ч байж болох юм. Юутай ч эвлэрлийн биш эвдрэлийн буухиа хөдлөх нь хөдөлчихжээ. Хаана хүрч, юугаар төгсөхийг шуудхан тодорхойлчих арга одоохондоо алга.