
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн 180 ортой байрыг 2010 онд МХЕГ-аас шаардлага хангахгүй гэж дүгнээд нураах шийдвэр гаргасан. Тус эмнэлгийг шинэчлэх асуудлыг 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж, 10.5 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Өдгөө эл барилгын гүйцэтгэл 80 хувьтай байгаа бөгөөд А болон Б гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. А хэсэг буюу Амбулатори Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношлогоо шинжилгээний лаборатори нь ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орох бол Б хэсэг буюу 240 ор бүхий хэвтэн эмчлүүлэх эмнэлэг ирэх оны гуравдугаар сард ашиглалтад орох юм байна.
Одоогоор тус барилгын ажилд долоон тэрбум төгрөг зарцуулснаас гадна нийт дөрвөн тэрбум төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн компьютер томографийн болон соронзон резонанст томографийн ап парат суурилуулжээ. Гэтэл энэ сарын 6-нд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ТТАХНЭийн шинэ цогцолбортой танилцах явцдаа эл барилгыг эмнэлгийн зориулалтаар бус Хууль зүйн яамны албан конторын зориулалтаар ашиглана гэсэн аман шийдвэр гаргасан нь багагүй маргаан дэгдээгээд байгаа. Эмнэлгийн зориулалтаар барьсан хэсгийг нурааж, оффисын зориулалтаар дахин барихыг сайд даалгасан аж. Тиймээс тус эмнэлгийн ажилтан, албан хаагчид сайдынхаа шийдвэрийг эсэргүүцэж буй юм.
Нэгэнт суурилуулсан дээрх тоног төхөөрөмжийг зориулалтын өрөө, сууринаас нь 30 минут салгах төдийд л засагдахааргүй төмрийн сэг болон хувирах гэнэ. ТТАХНЭийн Эмчилгээ эрхэлсэн орлогч, хошууч Т.Нарантуяа “Манай эмнэлэг УИХ-ын гишүүн, дарга, сайд нарынх биш. Хот, хөдөөгийн төрийн албан хаагч, тэдгээрийн ар гэрийнхэн үйлчлүүлд гээс гадна Чингэлтэй дүүргийн яаралтай тусламж үйл чилгээг манайх ха риуц даг. 2010 оноос хойш нийгмийн даатгалтай иргэдэд харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Гэтэл эмнэлгийн байрыг маань булааж, ажлын албан байр болгох гэж буйг бид эсэргүүцэж байна. Ард түмний эрүүл мэнд чухал уу, аль нэг эрх ямбатны сандал суудал чухал уу гэдгийг салбарын сайдаас асуумаар байна” гэв. Тус эмнэлэгт жилд 90-100 мянган хүн үзүүлж эрүүл мэндийн тусламж авдаг бөгөөд 5000-7000 өвчтөн хэвтэн эмчлүүлж, 1000 хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. 80 жилийн түүхтэй тус эмнэлгийнхэн энэ жил ойн баяраа тэмдэглэхээр хөл хөөр болж байсан нь ийн бараантав.
Гавьяат эмч, доктор про фессор К.Анаргуль “Шинээр барьж буй эмнэлэг сүүлийн үеийн дэв шилт тоног төхөөрөмжтэй. Гэтэл салбарын сайд хариуцаж буй салбарынхаа ажилтан албан хаагчдын эрүүл мэндийг хөсөр хаялаа. Эмнэлгийн барилгыг буцаан өгөхгүй бол бид ажилтан, өвч төн, тоног төхөөрөмжөө алдах гүйн тулд Эрүүл мэндийн яамны харьяа клиникийн эмнэлэг болоход бэлэн байна” гэж учирлав. Тус эмнэлгийн мэс заслын сувилагч М.Энхмаа “Орчин үеийн тоног төхөөрөмжид суурилсан эмнэлэгт үзлэг шинжилгээ хийж, сэтгэл бардам үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэнд талархаж байсан ч энэ маань талаар өнгөрөх вий гэж эмээж байна. Бид аль нэг улс төрийн намын харьяа биш. Тангараг өргөсөн эмч нар. Эрүүл, таатай орчинд үйлчилгээ үзүүлэх нь бидний үүрэг” хэмээв. Энэ талаар тус эмнэлгийн Ахмадын зөвлөлийнхөн өчигдөр сэтгүүлчдэд хандан “Эмнэлгээ аварч үлдэхийн төлөө шаардлагатай бүхнийг хийнэ” гэдгээ мэдэгдэв. Ахмадын зөвлөлийн дарга Б.Ганчимэг “Энэ эмнэлгээр насанд хүрэгсдийн аравны нэг нь үйлчлүүлдэг. Ард түмний татварын хөрөнгөөр барьж буй уг эмнэлэг яагаад нэг яамны албан контор болох ёстой гэж? Оношлогоо шинжилгээ хийлгэх гэж иргэд их мөнгө зарцуулж гадагшаа явдаг. Эмнэлэгт суурилуулсан эл хоёр аппарат гадаад явах мөнгөний урсгалыг дотооддоо хумих боломжтой. Гэтэл ХЗЯ-ны Тамгын газрын дарга Мягмар эдгээр аппаратыг хортой рентген цацраг ялгаруулдаг хэмээн “Монголын үнэн” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Хүний биед ямар ч хоргүй гэсэн олон улсын батламжтай. Хууль зүйн сайд нь хуулиа зөрчиж байна шүү дээ. Эмнэлгийг шинэчлэх тухай шийдвэрийг УИХ-аар баталж байх үед нь (Тухайн үед Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн байсан) энэ тухай хэлээгүй байж өнөө маргаашгүй бэлэн болох гэж буй барилгад шунаж байна” гэв.