Томилох, солих, өөрчлөх үйл явц үргэлжилж байна. Аль нам эрх баригч болно, УИХ, Засгийн газраас томилдог бараг л бүх удирдах албан тушаалд сэлгээ хийдэг нь манай улс төрд тогтсон жишиг хойно, аргагүй. Мөд СӨХ-ны дарга, орцны жижүүрийг ч сольж мэдэхээр байна. Өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаярын хүү Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр тодорсон нь хамгийн “супер” томилгоо байлаа. Тэгвэл энэ долоо хоногт Үндэсний аудитын газрын даргаар Ч.Раднаагийн оронд А.Зангадыг томилов. Буурьтай, эдийн засагч мэргэжилтэй, олон жил ажилласан туршлагатай учраас түүнийг Э.Батшугар шиг өөлөхгүй байж мэднэ. УБХ-аас эхлээд УИХ, сүүлдээ НХХЯ-нд хариуцлагатай алба хашиж явсан нэгэн. Гэхдээ чөлөөлөгдөж буй албан тушаалтнууд нь МАН эрх ба ригч байх цагтаа томилсон хүмүүс учир тэд жаахан гомдолтой үлдэж байгаа нь мэдээж. Уг томилгоог чуулганаар хийх үед Д.Дэмбэрэл “Төрийн албан хаагчид төрөөсөө зугтах боллоо.
Эрх баригч намын дарамт шахалт ирээд ажлаа өгөөд байна гэх юм” гэсэн билээ. Харин УИХ-ын дарга түүнд Ч.Раднаа 62 насыг зооглож, гавьяаны амралтаа эдэлж, үр ачаа тойруулан налайж суухаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг учирлана лээ. А.Зангадын нас, шүд дээр яриа гараагүй ч нутаг усан дээр маргаан үүсгэв. Гярхай “хог” юм болохоор Ц.Нямдорж гарлыг нь олоод харчихалгүй яав гэж. “Зангад чинь Өвөрхангайнх юм байна. УИХ-ын дарга Өвөрхангайнх. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо байна. Ашиг сонирхлын зөрчлийн хуу лийг гишүүд сайн уншаарай. Эвгүй шүү. Зөрчилтэйгээ мэдээд УИХ-ын дэд даргаар гарын үсэг зуруулчихгүй дээ” хэмээн өөлж, нөгөө талаар “гарц” зааж өгсөн юм. Уг нь З.Энхболд ч, А.Зангад ч Улаанбаатарт төрсөн юм билээ.
Хуулийн заалтыг ингэж явцуу тайлбарлаж болохгүй хэмээн З.Энхболд учирласан. Нэг иймэрхүү байдалтайгаар Монгол Улсын ерөнхий аудиторыг томилоод ажилдаа чанарын ахиц гаргахыг гишүүд захьсан юм. Энэ өдөр буюу лхагва гаригт манай улсын бас нэг баялгийн үүцийг “захирч” байсан Б.Энэбишийн орны хүнийг томиллоо. Уг нь тэр сонгуулийн үр дүнтэй бараг зэрэгцээд өргөдлөө өгсөн юм билээ л дээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын энэ өргөдлийг ТУЗ-ийн шинэ гишүүд нь хэлэлцээд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг түүний оронд томилов. Б.Энэбишийн оронд “сүмоч ах” Д.Батбаярыг суулгана гэх яриа сонсогдсон нь худлаа байж таарав.
Я.Батсуурь мэргэжлийн дипломатч, яаж ч бодсон Кёкүшюзан Д.Батбаяраас дээр. Юу тай ч энэ долоо хоногт А.Зангад “сам пин нүдэх” эрх авч, Я.Батсуурийн гарт Тавантолгой хэмээх эрдэнэсийг атгууллаа. Тэд хэрхэн ажиллахыг бид харна. Ямартай ч энэ долоо хоногийн томилгоо өө багатай байж, Ц.Нямдоржийн хэлснээр “Төрийн ордонд төөрчихөөр” хүмүүс орсонгүй. Ингэхэд Я.Батсуурь Өмнөговийнх юм биш бээз, бас сайд асан ах шигээ ашиг сонирхлын зөрчлийг нь шалгаж авах уу, яадаг юм.