Ирэх оны улсын төсвийг УИХ хэлэлцэж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийг пүрэв гаригт чуулганаар хийх үеэр багш нарт өгсөн “хайр”-ыг нь үнэлэх орлогыг төсвөөс хассаныг мэдээд Д.Оюунхорол гишүүн ихэд уурссан юм. 5000 багшийг тэтгэвэрт гарахад нэг удаа 12 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг олгоход зориулж дөрвөн тэрбум төгрөг олгох санаачилгыг тэр гаргасан аж. Гэтэл Сангийн яамны тооцоогоор уг ажилд дөрөв биш 150 тэрбум төгрөг шаардагдахаар болсон тул төсөвт суулгалгүй хасчээ.
Боловсролын сайдын багц дотор цалинд 350 тэрбум төгрөг төсөвлөсний бараг талыг тэтгэмжид өгчихөөр бусдынх нь амьдрал яах вэ гэдэг асуудал үүсэж л дээ. Ерөнхий сайд түүнд ийм хариулт өгч тайлбарлаад хариуд нь “Та багш нарт хайргүй юм байна” гэсэн дүгнэлт сонсов. Өөрөө багшилж явсан болохоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч гомдож, “Ер нь хувьдаа их, дээд сургуультай гишүүд боловсролын асуудлаар санал оруулдгаа болих хэрэгтэй. Ашиг сонирхлын зөрчил мөн шүү” гэжээ.