Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай болон “Чингис хаан” одон бий болгох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар хэлэлцэв. Засгийн газраас таван тэрбум долларын бонд гаргаж, бүтээн байгуулалтад зарцуулах юм байна. Гишүүдийн олонх бонд гаргахыг дэмжсэн ч босгосон мөнгийг ямар төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах, хяналт, хариуцлагын тогтолцоог хэрхэн уялдуулах талаар Эдийн засгийн хөгжлийн сайдаас асууж байв.
Дэлхийн эдийн засаг хямарч байгаа нөхцөлд манай улсын эдийн засаг эерэг үзүүлэлтэй байгаа нь мөнгө босгох боломжийг бидэнд олгоно. Тиймээс зах зээлээс хамгийн бага хүүтэй зээл олж авах нь чухал байна. Хоёр хөршийн маань импортын татварын бодлого 50 хувиас дээш байхад бид босгосон хөрөнгөө зохистой ашиглаж дотооддоо аль болох шингээх бодлого давхар баримтлах хэрэгтэй байна хэмээн хэлж байв. Сайд Н.Батбаяр гишүүдын асуултад хариулахдаа хяналтыг нээлттэй хэрэгжүүлнэ, бонд гаргаж эхэлсний дараа зарцуулалт, хөрөнгө оруулалтад УИХ-ын гишүүд хяналт тавих боломжтой.
Төсвөөс мөнгө авдаг хүний төсвийн хяналт сул байдаг тул хяналт тавих боломжийг бизнес эрхлэгчиддээ мөн өгч хамтарч ажиллана гэлээ. Мөн УИХын цөөнх энэ асуудлаар хяналтаа сайн тавьж, олонх нь сонсч, хамтран ажиллах нь зүйтэй гэсэн байна. Төслийг хэлэлцэхийг олонх дэмжжээ. Мөн “Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл ч олонхийн дэмжлэг авав.