(Фельетон)
Сайн уу? Таны ажил, амьдрал гээд аль аль нь данги байгаа гэдэгт эргэлзэх юун. Би сайн, бахлуураар тулсан их ажилтай л явна. Монгол Улсын хамтарсан, бас эвслийн ч гэж хэлж болох, хамгийн гол нь шинэчлэлийн Засгийн газар сайн. Манай эхнэр, хүүхдүүд сайн. Сайд нар маань ч бүгд сайн, тус тусын ажлаа өдөр болгон бараг 13 цагаар хийгээд л. Манайхан дор дороо төрийн нарийн, дэд сайдуудаа авчихсан, ингэсхийгээд яам тамгууд нь аяндаа цэгцрэх биз гэж хараад л байж байна. Ядаж байхад хуучин Засгийн газрын үед ажиллаж байсан зарим хүн СЕХ-ны дарга шиг сайн дураараа өргөдлөө өгөөд явчихгүй, Засгийн газрын цаг хугацааг алдуулаад байх юм. АН-ын үнэнч гишүүд жаахан хүлээлтийн байдалтай, хүссэн ажилдаа шууд орчихож чадахгүй харзнаад байцгааж л байна.
Улсын төсөв улайсчихсан тухай муу мэдээг Ч.Улаан сайдаас сонссон л биз дээ? Сангийн сайдын уйтгартай царайг аль болох цөөн харах минь. Бүр муу мэдээ гэвэл дэлхийн эдийн засгийн хямралд Хятад бас өртсөн. Дэлхий хэчнээн сандарч байсан ч бид Хятадад нүүрс, зэсээ зараад хямрахыг мэддэггүй байлаа. 2013 онд тохиох жинхэнэ хямралыг манай Засгийн газар яажшуухан гэтлэн давахыг Хятадын Засгийн газрын хямралын эсрэг төлөвлөгөө давхар даачих болуужин гэж найдаад л байж байна. Тэд их гүрэн байна, мундаг төлөвлөгөө гаргана л даа. Хятадууд бага хямарвал бид бас хаялгад нь хавчуулагдаад хямарчихалг үй өнгөрчих санаатай. Тиймээс яг одоо надад хямралыг даван туулах бодлого байхгүй ээ. Хаанаас, яаж мөнгө олох талаар хэлэхэд одоогоор эрт байна. Улс орны санхүү, эдийн засгийн тухай чихэнд чимэгтэй өөдрөг мэдээлэл үнэндээ алга. Ирэх онд эдийн засаг хэдэн хувиар өсөхийг, дөрвөн жилийн дараа Монгол Улсын төлөв байдал ямар түвшинд хүрч дээшлэхийг бид албаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаагүй юм. Гэхдээ би хэзээ ч “Бүсээ чангал” гэж ард түмнээ айлгахгүй.
За энэ ч яах вэ, бэлгэгүй зүйл зөндөө биччихлээ. Танай наагуур цаг агаар сайхан биз дээ. Өнгөрдөг зун хур бороо элбэгтэй, дэлхий дэлэгнэснийх одоо сайхан намаржиж байна шүү. Ургац хураах гээд хөдөөгүүр ажил их л байна даа. Үүнээс том ажил байна аа. Манай намын хувьд Орон нутгийн сонгуулиар хураах “ургац” маш чухал байна. Энэ сонгуулиар “хөлтэй” болно гэж үзэж байгаа. Тиймээс Ерөнхий сайдын ажлаас илүүтэй намын даргын ажил бахлуурт тээглэчихээд салдаггүй. Орон нутагт ялчихвал Ерөнхий сайдынхаа ажлыг аяндаа сайн хийх гээд л байж байна. Ялахгүй л бол улс төрийн гадаад, дотоод хүчин зүйлс идэвхжих гэж хүн айлгаад байгаа юм. Орон нутгийн сонгуулийг алдвал намайг намын даргаас, Ерөнхий сайдаас болиулах гэсэн манай намын бүлэг нөхөд цугладаг болж гэнэ. Орон нутгийн сонгуульд ялбал Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэсэн нам ч байгаа л гэнэ. За, мэдэхгүй ээ, хов жив л сонссон юм.
Манай Засгийн газрын талаар гадуур олны ам ер нь ний нуугүй хэр байна вэ? Зурагт асаахлаар манай Засгийн газрын гишүүд, эсвэл манай намынхан л ярьж харагдах боллоо. Сонин уншихлаар Засгийн газарт хаягласан ямар нэг шүүмжлэл ховор үзэгдэх юм аа. Шүүмжлүүлэхгүй байгааг бодоход гойд сайн ажиллаад байгаа ч юм шиг. Энэ нь наанаа амгалан хэрнээ, цаанаа аймаар ч юм шиг. Сөрөг хүчин маань хүртэл биднийг шинэков гээд тоож шүүмжлэхгүй л байна. Олигтой ажил хийж амжаагүй байгаа Засгийн газрыг шүүмжлэх арай болоогүй гээд толгой илээд, дуугүй суугаад байгаа. МАН нэг л нууцлаг, санаа муутай зэвүүн амьтад. Гэтэл манайхан сөрөг хүчин байхдаа харамгүй шүүмжилж, алдааг нь залруулж өгдөг байсан биз дээ. Би өөрийнх өө хур туршлагад ургуулаад л бодохоор их дайны өмн өх ажин түжин нь энэ юм болов уу ч гэж айх, гайхах... Тэгээд масс яг ямаршуу сэтгэгдэлтэй байгааг өөрөөс чинь танддаг юм уу гээд л... Хариу захидалдаа тодорхой бичнэ биз дээ, хө. Сая би орон нутгийн сонгуулийн өмнө ард түмний санаа бодлыг сонсох 11 11 гээд төв ажилд оруулсан, гэхдээ тэрэн рүү ярих хэрэггүй шүү. Шууд л захиандаа бичээрэй.
Б.Энхцэцэг