УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар ирэх оны улсын мөнгөний бодлогын төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын мэдээллийг сонсчээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй мөнгөний бодлого хэрхэн уялдаж буйг хэлэлцэж, гишүүд санал бодлоо илэрхийлсэн байна. Энэ тухай Бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хэтэрхий хамааралтай болсон, мөн ядуурлын түвшин өнгөрсөн оныхоос буураагүй нь сүүлийн хоёр жил нийгмийн халамжид 2.8 их наяд төгрөг зарсантай холбоотойг Төвбанкны тэргүүн мэдээлсэн байна. Инфляц нэмэгдэхэд бага орлоготой иргэдийн 80, дундаж орлоготой иргэдийн 35 хувь нь түүний горыг амссан гэсэн тооцоо байгаа аж. Нийгмийн халамжийг хавтгайруулан олгож байсан нь дундаж давхарга бүрдүүлэхэд сөрөг нөлөө үзүүлсэн, одоо үүнд анхаарна гэдгээ ч тэр хэлсэн байна.
Мөн дундаж давхаргынхан буюу ажил, орлоготой бүх хүнд орон сууцтай болох боломж олгохын тулд моргейжийн зээлийн тогтолцоо, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байгаа гэдэгт Монголбанк ч, АН-ын гишүүд ч санал нэгджээ. Ирэх онд мөнгөний бодлогоо сайжруулахын тулд бэлэн бус гүйлгээг дэмжих хэрэгтэй юм байна. Үүний тулд иргэний ухаалаг үнэмлэхээр ирэх оны хагасаас эхлэн төлбөр, тооцоо хийдэг болох гэнэ.
Хүүхдийн мөнгийг эцэг, эхчүүд өөрийн нэр дээр нээлгэсэн “Хүүхдийн мөнгөний карт”-аар авдаг болгох зохицуулалтыг ч ярьж буй юм байна. Уул уурхайгаас хараат эдийн засгийн эрсдэлийг арилгахын тулд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа дэмжих хэрэгтэй болжээ. Уул уурхайн салбар хэдийгээр эдийн засгийн гол хувийг эзэлж буй ч нийт ажлын байрны 5-10 хувийг бүрдүүлдэг гэсэн тооцоо бий аж. Тэгвэл хөдөө аж ахуйн салбар 34 хувийг нь эзэлдэг байна. Эдгээр санал дээр тулгуурлан үнийн өсөлтийг тогтворжуулах хөтөлбөр боловсруулахаар болжээ. Түүнээс зарим зүйл тодрууллаа.
-2011 оны төсвийн гүйцэтгэлээр 80 гаруй зөрчил, дутагдал илэрсэн байна лээ. Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох уу?
-Хариуцлага тооцох ёстой ч хэлмэгдүүлж болохгүй. Тухайн төсвийн ерөнхийлөн захирагч мөнгийг хувьдаа завшсан, эсвэл улс төрийн зорилгоор хэрэглэсэн нь тогтоогдвол хариуцлага тооцох нь мэдээж.
-Ирэх оны төсөвт Ерөнхий сайдын багцад “Шинэчлэлийн арга хэмжээ” нэрийн дор 50 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Үүнийг яг юунд зарцуулах нь тодорхойгүй, хууль зөрчсөн үйлдэл болох нь гэж МАН үзэж байна л даа.
-Ямар ч зөрчил байхгүй. Уг мөнгийг юунд, хэрхэн яаж зарцуулах тухай журмыг Засгийн газар боловсруулаад УИХ-д танилцуулна.
Н.ЭНХБОЛД: ШИНЭЧЛЭЛ НЭРИЙН ДОР 50 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЯНАЛТГҮЙ ЗАРЦУУЛАХ НЬ
МАН-ын гишүүд өчигдрийн хуралдаанаараа ирэх оны төсвийн төслийн талаар хэлэлцжээ. Шинэчлэлийн Засгийн
газраас боловсруулсан төсөвт тэд тун сэтгэл гонсгор байгаа аж. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт, гишүүн Д.Оюунхорол нар өчигдөр энэ талаар мэдээлэл хийв. Гишүүн С.Бямбацогт уг төсвийг “Хүн рүү биш, олонх болох 42 “дарга”-д зориулсан төсөв” хэмээн тодорхойлов. Нийгмийн халамжийг хавтгайруулж олгосноор инфляцыг хөөрөгдөж, улмаар орлого багатай иргэдийн амьдралд тэр нь хүндээр тусаж байна гэж үзсэн учир Засгийн газар төсөв боловсруулахдаа нийгмийн халамжийг цэгцлэхийг оролдсон аж. Нийгмийн халамжийг хасаж, цалин, тэтгэвэр нэмэх талаар ирэх оны төсөвт дурдаагүй байна хэмээн МАНынхан үзсэн учир ийнхүү тодорхойлж буй юм.
МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд “Шинэчлэл нэрийн дор 50 тэрбум төгрөгийг хяналтгүйгээр зарцуулах гэж байна. Хамгийн гол нь шинэчлэл, өөрчлөлт хийх гэж байхад хууль ямар хамаатай юм бэ гэсэн хандлага Засгийн газар, яам, агентлагийн түвшинд ажиглагдах боллоо. Бид мэ дээж шинэчлэлийг дэмжинэ. Гэхдээ үүнийгээ хуулийн хүрээнд хийх ёстой. Тэгэхгүй бол энэ бүхэн нь Монголд ардчилал байна уу, Үндсэн хуулиа дээдэлж байна уу гэж эргэлзэхэд хүргэж байна” гэлээ. Тиймээс МАН-ынхан Ажлын хэсэг байгуулж, төсвийн төсөлд судалгаа хийхээр болсон байна. Мөн төсөвт тусгах зайлшгүй гэсэн саналаа боловсруулах гэнэ.
Гишүүн Д.Оюунхорол “Төсвийн орлого 70 тэрбум төгрөгөөр дутах нь. Ерөнхий сайдын багцад байгаа 50 тэрбум төгрөгийн 42 тэрбумыг нам, бүлэгтээ, үлдсэнийг нь ажилласан орон нутагтаа өөрийн мэдлээр захиран зарцуулах юм байна. Энэ буруу. Боловсрол, нийгмийн халамж, тариалан эрхлэгчдийг дэмжсэн хөнгөлөлт, урамшууллыг бүгдийг хасаад оруулаад ирсэн. Зарим аймгийн хөрөнгө оруулалтыг хассан атлаа 2-3 суманд нэр зааж 30 тэрбум төгрөг төсөвлөжээ. Төсвийн тэнцвэртэй байдал алдагдсан төсөл байна. Тиймээс энэ бүхнийг сэргээх саналаа Ажлын хэсэг оруулах болно” гэлээ.
С.ТУУЛ