Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд Үндэсний аудитын газраас аудит хийн санал, дүгнэлт боловсруулснаа Ерөнхий аудитор А.Зангад УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барилаа. Ирэх оны улсын төсвийн төсөлд санал, дүгнэлт боловсруулахдаа Төсвийн хүрээний мэдэгдэл, тусгай шаардлагыг хангаж буй эсэх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаард лагыг хангасан эсэхийг хуулийн заалт тус бүрээр нь судлан үзсэн хэмээн Ерөнхий аудитор А.Зангад хэлэв.
2013 оны төсвийн төсөлд хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах талаар саналаа боловсруулан хүргүүлжээ. Үндэсний аудитын газраас ирэх онд газрын тосны орлогыг 1.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна гэж үзжээ. Түүнчлэн Монголбанкны ногдол ашгаас төсөвт төвлөрүүлэх орлогыг таван тэрбум төгрөгөөр төлөвлөх, төрийн өмчит хувийн этгээдээс төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 3.8 тэрбум төгрөгөөр, гаалийн татварын болон бусад орлогыг 16.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна гэж төсвийн орлого нэмэгдүүлэх саналдаа дурдсан байна.
Харин хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүнд олгох урамшууллыг хавтгайруулахгүй байлгах, газар тариалангийн салбарт олгох дэмжлэгийг оновчтой болгох, зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээг хасах зэргээр төсвийн зардал бууруулах саналдаа ирүүлжээ. Эдгээр саналыг харгалзан үзвэл улсын төсвийн орлогыг 66.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, зардлыг 79.2 тэрбум төгрөгөөр бууруулж, улмаар төсвийн алдагдлыг 40 орчим хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж тооцсон байна. УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний аудитын газраас боловсруулсан санал, дүгнэлтийг удахгүй хэлэлцэх болно хэмээлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.