Цас хайлж, урин цаг айлсчээ. Удахгүй анхны яргуй цухуйна, улс төр өрнөнө. Амарч, алжаалаа тайлсан, гадаад, дотоодод ажилласан эрхэм түшээд хаврын чуулгандаа цуглана. Гэвч улс төрийн ертөнцөд нэг л зүйл дутуу. Харуул хамгаалалт зогсоож, хашаагаар тусгаарласан Төрийн ордонд ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Өнөөх хашаа барихад хүргэсэн “эзэд” нь харин хаана байна вэ. “Гудамжны тэмцэгчид” хэмээн нэрлэдэг, эрх баригчдын алдаа, оноог хэлж, үйл ажиллагаанд нь иргэдийн өмнөөс хяналт тавин дуугардаг жагсагчид хаврын хаварт хотын гол гудамж, Сүхбаатарын талбайд цугладаг уламжлалт дүр төрхийг яагаад ч юм үгүйлэв. УИХ-ын сонгууль болж, шинэ Парламент, Засгийн газар бүрдсэний дараа гудамж эзгүйрчихсэнийг гэнэт анзаарсан нь энэ. Гудамжнаас Парламент руу шилжив Төрийн ордон руу улаан лооль шидэж, бодлого, үйл ажиллагааны буруу, булхайг эсэргүүцсэн жагсаалыг 2004 онд “Эрүүл нийгэм- Иргэний хөдөлгөөн” (ЭНИХ)-өөс зохион байгуулж байлаа. Тухайн үед тус хөдөлгөөний тэргүүн нь одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ерөнхий зохицуулагч нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нар байсныг уншигчид мартаагүй. Авлигачид сөнө, УИХ тар гэх мэтийн уриа лоозон барьж, шаардаж явсан улс төрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний хөдөлгөөнүүд нэг үе үнэхээр олширсон. ЭНИХ, цаашлаад ИХН байгуулан тэмцсэн Ж.Батзандан, Амлалт нэхэх ард түмний холбооны тэрг үүн Д.Батцогт, зохицуулагч Г.Уянга, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар гээд жагсагчдын гол дүр нь өнөөдөр УИХ-ын гишүүн болжээ. Жагсах хүн олдсонгүй. Ямар ч албан тушаалгүй үлдсэн Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан харин боловсролдоо анхаараад юу жагсахтай манатай. Тэгээд ч бас Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэсэн "тушаатай". Жагсагч асан гишүүд нь чуулганы танхимд үг хэлэхдээ үе үе дуугаа өндөрсг өж, тэмцэж явсан үеэ дурсахаас хэтрэхээ ч байж. Тэд шүүмжилж явсан “авлигачид”-ынхаа эгнээнд шилжчихжээ.
Албан тушаалаар “амаа үдүүлэгчид”
“Шударга иргэний фронт” хөдөлгөөний тэргүүн Г.Арслан иргэний хөдөлгөөнийхөн дотроо бас л олон нийтэд танигдсан тэмцэгч. Сонгуулийн дараа энэ эрхэм Усан спорт сургалтын төвийн захирал болсон. Үүнийгээ тэрбээр “Найман жилийн тэмцлийн үр дүнд олдсон, үнэтэй албан тушаал” хэмээн хүлээж авсан юм билээ. Усан спортоор өөрөө хичээллэдэг, элэгтэй учраас энэ салбарыг өөд нь татах том зорилготой ажиллаж байгаа, бас санаачилгыг нь дэмжихгүй бол жагсагч зангаа тавихгүй, үүнээс болж амаа үдүүлэхгүй хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байна лээ. ЭНИХий зохицуулагч байх үеэс нь л Ж.Батзандантай нөхөрлөсөн, ИХН, хожим нь ИЗННын нарийн бичгийн дарга байсан Э.Батбаяр өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын дарга болсон байна. Хуулийн голдуу зөвлөгөө өгч, хөшигний ард ажилласан болохоор түүнийг олон нийт тийм ч сайн танихгүй. ЭНИХ-ий зохицуулагч асан О.Магнай ШӨХТГ-ын дарга болсон. Гэхдээ хаа очиж тэр сайн ажиллаж байгаа.
Энэ мэтээр жагсагчдын тэргүүлэгчид албан тушаалд очин, ахиж дэвшжээ. Жагсагчид үгүй болсны нэг шалтгаан нь энэ мөн. Гэхдээ 1990-ээд онд улс төрийн системийг өөрчлөхийн төлөө тэмцэж явсан эрхмүүд төрийн өндөр албан тушаалд очиж, бодлого тодорхойлж буй учраас энэ үйл явцыг хачирхах хэрэггүй мэт. Нөгөө талаар идэр есийн хүйтнийг үл ажран жагсаал хийж байсан эрхмүүдийн эцсийн зорилго нь албан тушаал байсан мэт харагдана. Албан тушаалд очоод л сөрөг үг унагахаа больсон мэт харагдах. Эсвэл үнэхээр шинэ УИХ, Засгийн газар ард түмнийхээ сэтгэлд нийцтэл ажиллаад жагсах шалтгаан гаргахгүй байж болно. Гэвч тэднийг улам ташуурдаж, эх орныхоо төлөө бурууг нь тэгшлэхийн тулд байнга эрх баригч байгаад одоо сөрөг хүчин болсон МАН-д “гудамжны найзууд” үгүйлэгдэж байна. Үнэндээ МАН бол УИХ-д төлөөлөлтэй нам. Тиймээс гудамжнаас үнэнийг тольдох хөндлөнгийн сөрөг хүчин хэрэгтэй. Заавал хавар бүр жагсаал хийж, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилнэ гэсэн дүрэм үгүй. Гэвч нэг л юм дутна…
С.Туул