Одоогоос 150 жилийн өмнө буюу 1863 оны арванхоёрдугаар сарын 7-нд Английн хөлбөмбөгийн холбоо, Кембрижийн их сургуультай хамтран хөлбөмбөгийн анхны дүрмийг зохиожээ. Харин орчин үеийн хөлбөмбөгийн тэмцээн уралдаан Хөлбөмбөгийн холбоодын олон улсын зөвлөл (IFAB)-ийн баталсан дүрмийн дагуу явагддаг аж. Ингээд дэлхийн ¹1 спортын дүрэм он цагийн уртад хэрхэн өөрчлөгдөж ирснийг сонирхуулъя.
1871 – Хаалгач зөвхөн зөвшөөрөгдсөн тодорхой зай талбайд гараараа тоглодог болжээ. Өмнө нь хаалгач талбайн аль ч хэсэгт бөмбөгийг барьж болдог байв.
1872 – Булангийн цохилтыг санаачилжээ.
1874 – Илэрхий бүдүүлэг алдаа гар гасан тоглогчдийг талбайгаас хөөх дүрэм гарчээ. Түүнээс гадна байр солихын өмнө 15 минут амардаг болжээ.
1875 – Хоёрхон шонгоос бүрддэг байсан хаалганд хөндлөвч модыг нэмэх санаачлага гарсан нь удалгүй ажил хэрэг болжээ. Энэ цагаас тайлбарлагч нарын үгсийн санд “хөндлөвч” хэмээх үг нэмэгдсэн юм.
1877 – Тоглолтын цагийг 90 минут болгосон нь өдгөө ч мөрдөгдсөөр байна.
1883 – Талбайгаас гарсан бөмбөгийг хөлөөрөө тоглолтод оруулдаг байсан бол толгой дээрээсээ хоёр гараараа оруулдаг болов.
1891 – Торгуулийн талбайд алдаа гаргавал эсрэг багт нь 12 ярд буюу 10.97 м-ээс цохилт гүйцэтгэх эрх олгодог болгов. Түүнээс гадна индэр дээрээс тоглолтыг шүүдэг байсан ерөнхий шүүгч талбай дээр ажиллах болж, түүнд туслуулахаар шугамын шүүгчийн орон тоог бий болгов.
1924 – Булангийн цохилтоос хаалганд шууд оруулсан гоолыг тооцдоггүй байсан дүрмийг хүчингүй болгожээ.
1925 – Отон тоглолтын дүрмийг мөрдөж эхэллээ.
1929 – Хаалгач шүгэл дуугарангуут 11 метрийн цохилт гүйцэтгэх тоглогчийн зүг ухасхийдэг үзэгдлийг арилгахын тулд зөвхөн хаалганы нүүрний шугамын дагуу хөдөлгөөн хийдэг болгов.
1939 – Хөлбөмбөгчид цамцан дээрээ заавал дугаар хаддаг болжээ.
1958 – Талбай дээр гэмтсэн тоглогчийг сэлгэхийг зөвшөөрөв.
1970 – Мексикт болсон ДАШТий үеэр бохир тоглосон тоглогчдыг үйлдлээс нь шалтгаалан улаан, шар хуудсаар торгох аргыг санаачилжээ. Мексик-ЗХУ-ын тоглолтын үеэр Евгений Ловчев анхны шар хуудсын эзэн болжээ.
1990 – Отон тоглолтын дүрэм улам боловсронгуй болов. Өмнө нь хаалгач, хамгаалагч хоёрын өөдөөс гурав ба түүнээс олон довтлогч гарахыг хориглодог байсан бол энэ удаа шугам харгалзах болжээ.
1991 – Аль ч тоглолтод дөрвөн шүүгчийг бэлэн байлгаж, талбайн шүүгч гэмтсэн тохиолдолд сэлгэдэг боллоо.
1992 – Хаалгач өөрийн талын тоглогчийн дамжуулсан бөмбөгийг барихыг хориглов.
1994 – Телевизийнхний хүсэлтээр FIFA сэлгээний тоглогчид болон дасгалжуулагчдын байрлах бүсийг шугам татаж, шүүгчдийг тод өнгийн өмсгөлтэй болгожээ.
1995 – Нэг тоглолтод гурваас ихгүй сэлгээ хийдэг болжээ.
2002 – Хаалгач өөрийн бүсэд бөмбөгийг зургаан секундээс илүү барихыг хориглов.
А.ЭРДЭНЭБОЛД