Шинэ УИХ бүрдээд бараг арван сар болж байна. Гэтэл Төрийн ордны хамгаалагч нар УИХ-ын 73 гишүүнээ бүрэн таньж амжаагүй байгаа бололтой. Хэдхэн хоногийн өмнө эрхэм гишүүн Г.Уянга Төрийн ордон руу орж явав. Хамгаалагч нь “Уучлаарай, та бичиг баримтаа шалгуулна уу” хэмээлээ. Гишүүний царай хувьсхийж, “Би УИХ-ын гишүүний үнэмлэхээ орхичихсон байна” гэлээ. Өөр нэг хамгаалагч эрхбиш түүнийг таньж, нөгөөдөө сануулснаар Ордон руу нэвтрүүлэв. Тэрбээр өмнө нь телевизийн сэтгүүлч байсан.
Сэтгүүлч гэдгээр нь таньдаггүй юм гэхэд сүүлийн хэдэн жилийн турш “гудамжны тэмцэгч” явснаараа олон нийтэд танил болсон билээ. Шинээр сонгогдсон гишүүдэд эхний хэдэн удаа иймэрхүү “байцаалт” таардаг ч тэгсхийгээд танигддаг юм. Гэтэл шинэ гишүүдийг бодвол олны танил болчихсон хатагтайг танихгүй үлдсэн хүмүүс бас байгаа аж. Гишүүн явах зуураа “Эд нар албаар ингээд байдаг юм уу, үнэхээр таньдаггүй юм уу. Намайг байнга л ингэх юм” хэмээн гомдов.
С.УУЛ