Тамхины хяналтын тухай хуулийг санаачилсан эмэгтэй гишүүдийн нэг С.Одонтуяа тамхи татаж байгаа хүнээс гадна зурагтай ч “тэмцэж” байна. Твиттертээ тамхи зуусан зургаа тавьсан нэгэн залуу, гишүүний нүдэнд өртжээ. Хууль гаргаад тэмцэж байхад зураг тавин сурталчилсан тэр залуугийн хажуугаар гишүүн яаж мэдээгүй царайлж, дуугүй өнгөрөх вэ.
С.Одонтуяа гишүүн түүнийг дагахдаа “Энэ зургаа солихыг бодоорой! Амжилт хүсэж дагалаа” хэмээн анхааруулан бичжээ. Хариуд нь Баатархүү хэмээх нөгөө залуу “Энэ зургийг олон хүн асууж байна даа... Нэр нь “Гуравдугаар сарын 1”. Уриа нь “Тамхинаас гарч, чихэрт оръё!!!”. 15 жил тамхи татаж, гараад арван жил болж байна” хэмээн жиргэжээ. Гишүүний санаа амарсан бололтой, “Тэгвэл баяр хүргэе” гэсэн байлаа.
Дашрамд дуулгахад, Баатархүү тамхи татахаа болихын тулд амаа завгүй байлгах нь хамгийн том алхам болохыг зөвлөөд, Туул гол бохирдож, хөгжлийн садаа хог болж буйг анхааралдаа авахыг С.Одонтуяа гишүүнээс твиттер ашиглан хүсээд амжжээ.
Б.Дулам