Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тухай хэдэн өдөр шуугив. Эрхэм дэд сайдын үйлдэл, бас тайлбар нь хоёр зүйлийг баталж байгаа юм. Юуны өмнө шинэчлэлийн Засгийн газарт МАХН ямар зорилгоор орсныг дахин батлав. Намын дарга Н.Энхбаярынхаа “гуталгүй шоу”-ны үнэ төлбөргүй сурталчилгааны ачаар “Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудал авч чадсан. Даргынхаа нэрээр УИХ-д орсон, одоо түүнийг ялаас мултлах, эрүүл мэндийг нь бусад ялтнаас онцгойлон хамгаалах нь тэдний зорилго. Өөрчилнө, бүтээнэ хэмээн “Шударга ёс” эвсэлд саналаа өгсөн нийт сонгогчийн 10 хувийн итгэл сонин биш. Шинэчлэлийн Засгийн газрыг ганхуулж мэдэх яриа түүнийг бүрдүүлэгч МАХН-аас л гардаг. Ингэж “сүрдүүлэх” шалтгаан нь үргэлж тус намын дарга Н.Энхбаяртай холбогддог.
Засгийн “шүдний өвчин” болсон удаах яриаг дахиад л МАХН-аас санал болгосон дэд сайдаас гаргасан нь энэ. Тус намын Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр сайд нарынхаа хөдөө томилолтоор ажиллах эсэхээс гадна намын даргынхаа биеийн байдлын талаар хэлэлцсэн юм билээ. Энэ үеэр, түүний хэвлэлд өгсөн тайлбараар бол “Намын даргынхаа “хэлмэгдүүлэлт”-ийн эсрэг, эрүүл мэндийнх нь төлөө өдөр бүр санаа тавьж ажиллаад байхад” гишүүд нь “Илүү сайн ажилласангүй” хэмээн шүүмжилсэн юм байна. Угтаа бол Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх гол зорилгыг биелүүлсэнгүй гэж шүүмжилснээс биш, “Улс эх орны төлөө…” энэ тэр гэсэн том асуудлыг МАХН ярьсангүй. Ажиллаад байхад нь шүүмжилсэн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүддээ залуу дэд сайд эрхэлж, гомдсондоо албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Харин намын ерөнхий нарийн бичгийн дарга нь хүлээж авсангүй, “Х.Тэмүүжин сайддаа өг” гэснээр энэ явдал дууссан юм. Тунирхсандаа бичсэн өргөдлийг нам нь хүлээж аваагүйд тэр дотроо баярласан ч байж мэднэ. “Эхлээд нам дотроо шийдэх ёстой. Нам хүлээж аваагүй учир дахин сөхөх хэрэггүй биз” хэмээн ярьснаас нь ингэж үзэж болохоор байна. МАХН дотор нэг иймэрхүү тоглоом өрнөжээ. Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг нэг хүнийг ялаас мултлах “арга” болгон харж, дуртай үедээ орж гарч болдог тоглоомын байгууллага мэт ойлгодог иймэрхүү балчир дэд сайдтай гэдгээ Н.Алтанхуяг сайд мэдэж авсан байх. Танхимаа ямархуу эмзэг хүмүүсээр бүрдүүлсэн, олон нийтийн шүүмжлээд байсан нь хэр ортой гэдгийг Э.Эрдэнэжамъяны явдал баталсан гэсэн үг.
Хэвлэлээр нэг яриа болж, Засгийн газрыг “онигоо”-нд оруулж буй ёс зүйгүй дэд сайдыг хүсэлтээр нь чөлөөлчихөж яагаад болдоггүй юм. Төр тоглоом биш гэдгийг түүнд, бас үг даалгүй гомдсондоо өргөдлөө бичээд хаалга савчихаж чадах бусдад нь сануул. “Энэ албан тушаалыг нь өгчихөөд намынхаа төлөө ажилламаар байна” хэмээн эрхэм дэд сайд ярилцлагадаа бас дурдсан байна лээ. Хүсэлгүй хүнийг төрийн өндөр албанд заавал уях хэрэггүй юм биш үү, Ерөнхий сайд аа.
С.ТУУЛ