УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид АНУ, Канад улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо. Айлчлалын үеэр УИХ-ын дарга АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч У.Бёрнзтой уулзаж, Брукингсийн стратеги судлалын хүрээлэнгээр зочлон, тус хүрээлэнгийн Зүүн хойд Азийн бодлого судлалын төвийн захирал Р.Буштай уулзах юм. Мөн АНУ-ын Конгрессын Ардчиллын түншлэлийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимын Спикер Ж.Бэйнертэй уулзалт хийнэ. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганы дарга В.Жеремик, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн нартай уулзахаар төлөвлөжээ.
АНУ-д айлчлах хугацаандаа УИХ-ын дарга Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Женерал электрик” компанитай байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцохоос гадна “Дакота гааз” үйлдвэрт зочилж үйл ажиллагаатай нь танилцах юм. УИХ-ын дарга Канад улсад айлчлах үеэрээ Канадын Парламентын Нийтийн танхимын Спикер Э.Шийэр, Канадын Парламентын Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга, сенатор Ж.Дей, сенатор П.К.Нолэ, Канадын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд, Канадын Бритиш Колумби мужийн Парламентын Спикер Б.Барисофф нараас гадна Канадын Парламентын Сенатын танхим, Нийтийн танхимд зочилж, тус улсын компаниудын төлөөлөгчид, Ванкувер хотод аж төрж буй монгол иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Б.Болор, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарын албаны хүмүүс багтсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.