Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд айлчлахаар болжээ. Их Британийн Хөдөлмөрийн намын нэртэй улстөрч, 1997-2007 онд тус улсын Ерөнхий сайдын албыг хашсан Тони Блэйр бямба гаригт Төрийн ордонд морилох юм байна. Айлчлалын талаар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улаанбаатар дахь Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Элчин сайдын яамнаас лавлахад тодорхой мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ албаны эх сурвалжийн хэлснээр, Тони Блэйр Монголд 2-3 хоног саатах бололтой.
Тэрбээр уул уурхайтай холбоотой асуудлаар яриа хэлэлцээр хийх, тодруулбал, Англи, Австралийн хөрөнгө оруулалттай “Rio Tinto” группийг дэмжих зорилгоор ирж байж болзошгүй юм. Лондоны олимпийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийг хүсэлтээр нь хүлээн авч уулзаж байсан билээ.
Сонирхуулахад, Вьетнамын vietnambreakingnews. com цахим хуудсанд бичсэнээр, Тони Блэйр уржигдар тус улсад айлчлан, Ерөнхий сайдтай нь уулзсан байна. Энэ үеэр хоёр улсын болон Вьетнам, Европын холбооны хамтын ажиллагааны талаар ярилцжээ.
Ц.Болор