Гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Гарамгайбаатар нар “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчл өлт оруулах тухай” хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дэд дарга М.Энхболдод өргөн барилаа. Одоогийн хуулиар уг татварыг тухайн цаг үеийн эдийн засгийн цар хүрээ, татвар төлөгчдөд тусах эдийн засгийн нөлөөлөл, ачааллыг харгалзан жилд 10 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, иргэнд ногдуулдаг аж. Энэ нь өнгөрсөн хугацаанд өсөн нэмэгдэж ирсэн инфляц, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, төсвийн орлогын хэмжээтэй уялдуулан авч үзэхэд жижиг аж ахуй нэгжүүдэд татварын дарамт бий болгож эхэлжээ. Тиймээс хуулийн төсөл санаачлагч гишүүд татвар төлөх борлуулалтын орлогын босго дүнг 200 сая төгрөг болгон өсгөхөөр дээрх тусгасан байна.
2012 оны эцсийн байдлаар Татварын ерөнхий газраас авсан мэдээгээр 10 сая төгрөг хүртэлх жилийн орлоготой 21470 аж ахуй нэгж 82,2 тэрбум төгрөг, 200 сая хүртэлх орлоготой 15389 аж ахуй нэгж 612.8 тэрбум төгрөг, 200 сая төгрөгөөс дээш орлоготой 5731 аж ахуй нэгж 24907 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байжээ. Дээрх тоо баримтаас харахад 200 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нийт татвар төлөгчдийн 36.1 хувийг бүрдүүлж байгаа хэдий ч борлуулалтын ердөө 2.4 хувийг бий болгодог байна.
Босго дүнг 200 сая төгрөг болгосноор бага, дунд орлоготой аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих бодит боломж бий болж, ханшийн өөрчлөлт, инфляц зэргээс үүссэн ялгааг арилгаж, татварын дарамт ачаалал багасах, улсын хэмжээнд үйлдвэрлэлийг сэргээх олон давуу тал үүснэ гэдгийг төсөл санаачлагч гишүүд онцоллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.