“Дели-1982” Азийн наадмаас дугуйн спортын ОУХМ Ц.Ганболд анх мөнгөн медаль хүртэхдээ 22 настай байжээ. Тэгвэл энэ жил Энэтхэгт болсон тивийн АШТ-д түрүүлсэн Т.Энхжаргал 21-тэй. Азийн тэмцээнээс өмнө нь Ж.Өлзий-Орших гавьяат хүрэл, өсвөр насанд Х.Ууганбаяр мөнгөн медалиар энгэрээ мялаасан түүхтэй. МҮОХ, “Инчён-2014” Азийн наадмыг Зохион байгуулах хорооны хамтын ажиллагааны тусгай хөтөлбөрийн дагуу Гуулин улсад нэг сар бэлтгэл хийсний үр дүн гарч, цуваа гараатай 28 км-т монголчууд шинэхэн аваргаа өлгийдөж авсан юм. Түвшинжаргалын Энхжаргал спортын шинэ цэрэг биш.
Талбайн теннисний секцэнд анх бүртгүүлж, улмаар усанд сэлэлтээр хичээллэн, далайн гахайн сэлэлтийн төрөлд улсын дээд амжилтыг хэд хэдэн удаа эвдсэн охин удалгүй триатлонд хүч сорих болсон юм. “Сингапур-2010” залуучуудын олимпийн эрхийг энэ төрөлд авч, “Арслан” хотод ирээдүйн шилдгүүдтэй өрсөлдөж явахдаа тэр хожмын нэг өдөр дугуйн спортоор том тэсрэлт хийнэ гэж төсөөлсөн болов уу? “Төмөр хүлэг”-ийн нуруун дээр бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж буй энэ охин жилийн хугацаанд тивийн аварга болж чадсан юм чинь цаашдын амжилтын зам нь бүр ч өргөн байна. Түүнийг эх орондоо дөнгөж ирээд байхад нь уулзсан юм.
.jpg)
-Азийн АШТ-ий алтан медалийн эзэн маань 365 хоногийг зөвхөн бэлтгэлд зарцуулсны хүчинд өндөр амжилт гаргах хугацааг наашлуулж чадлаа. Гэхдээ Энэтхэгийг зорих үед тивийн аваргын титэм сэтгэлд чинь багтаж байсан уу?
-Нийт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг БНСУ-д сарын хугацаанд хамтарсан бэлтгэл хийсэн юм. Ж.Өлзий-Орших ах эрэгтэйчүүдийн, Т.Даваатогтох багш эмэгтэйчүүдийн багаа удирдан бэлтгэл хийлгэсэн. Дугуйгаар дагнан хичээллэхээс өмнө спортоос жил шахам хөндийрөөд байсан миний хувьд Т.Даваатогтох багштай уулзсанаар бүх зүйл өөрчлөгдсөн. Багш маань амжилт гаргахыг хүсэж байна уу гэж асуугаад “Хэн хэндээ итгэж, нэг зорилгын дор бэлтгэл хийе” гэсний дагуу өнгөрсөн жилийн өдийд бэлтгэлдээ эргэн ирсэн юм. Жилийн хугацаанд МБАТС болон УАШТ-д түрүүлж, спортын мастерын болзол хангасан. Гэхдээ энэ зуур миний толгойд Азийн аварга болно гэсэн бодол төрөөгүй нь үнэн. Дугуйчин болсноос хойш найман сарын дараа ийм өндөр амжилт гаргасандаа сэтгэл дүүрэн байна.
-Азийн АШТ-д “битүү морь” цойлсонд гадаадын тамирчид, дасгалжуулагчид гайхсан болов уу?
-Мэдээж хэрэг. Ялангуяа миний ард туршлагатай тамирчид орсон. Хоёрдугаар байр эзэлсэн Японы дугуйчин Азийн АШТ-ий мөнгөн медальтай, ОУТ-үүдэд өндөр амжилт гаргасан нэгэн. Хонконгийн тамирчин тивийн аварга, залуучуудын ДАШТ-ий медальтай, трекийн ДАШТ-д хоёрдугаар байр эзэлсэн юм билээ. Хэний ч таамаглалд өртөөгүй нэг монгол гэнэт гараад ирэхээр гайхахгүй хэн байх вэ? Олон улсын анхны тэмцээн минь багш бид хоёрт их урам хайрлалаа. Намайг Азийн аварга болгосон багшдаа маш их баярлалаа.
-Азийн АШТ-ий зорилгоо хэрхэн тодорхойлсон тань сонирхолтой байна...
-Багш маань намайг медаль авна гэдэгт итгэл дүүрэн байснаас биш, би өөрийгөө аварга болох хэмжээнд уралдана гэж огтхон ч бодоогүй. Харин тэмцээнд оролцохын өмнө тусалж дэмжсэн хүмүүс, тухайлбал “Сод Монгол” групп, “Үүрэг трейд” компани, Монголын дугуйн холбооны хамт олон, надад итгэл хайрласан хүн бүхнийг баярлуулах чин хүсэл минь алтан медалийг чиглүүлэгч нь болсон. Монголын дугуйчид 56 жилийн түүхэндээ тивийн тэмцээнүүдээс хэдэнтээ медаль хүртсэн. Тэдгээрийн өнгийг өөрчилж, тэргүүлэгчийн байр сууринд эх орныхоо нэрийг гаргах хувь зохиол надад заяажээ.
-Эмэгтэй хүнд ахдам дугуйн спортоор өндөр амжилт гаргана гэдэгт эргэлзэгчид ч багагүй байсан болов уу?
-Олон хүн надад итгэсэн. Миний хувцас хэрэглэлийг оёж өгсөн Ариунжаргал эгчийн адил амжилт хүсэгчид цөөнгүй байсан. Бас чамд ямар ч боломж байхгүй, арав хорин жил хичээллээд аваагүй медальд ганц жилийн дотор яаж хүрэх юм бэ гэж няцаах улс ч таарсан. Уралдахын өмнө энэ бүхнийг аль алиныг нь бодож байлаа. Би нэг л зүйлд баяртай байна. Барианы зураас хүртэл хүчээ 100 хувь дайчилсны хэрэг бүтсэнд. Бариалсны дараа ямар ч тэнхэлгүй болсноо мэдэрсэн. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө чин сэтгэлээсээ тэмцвэл боломжгүй зүйл гэж байдаггүйг ухаарч авсан. Анхны ОУТ маань сайхан эхэлсэн учраас төгсгөл нь ч тийм байх биз. Цаашид наймдугаар сард Ирландад болох цагдаагийн ДАШТ, дугуйн ДАШТ-д эрчимтэй бэлтгэнэ.
-Барианд орсны дараа төрсөн анхны сэтгэгдэл юу байв?
-Багшийнхаа зааврын дагуу уралдлаа л бодсон. Медаль авах, түрүүлэх тухай санаанд буугаагүй. Харин дасгалжуулагчид маань тооцоо бодож, Солонгосын охин 30 секунд хоцорлоо, хятадууд ард үлдлээ, хонконг чадсангүй гэж ярилцахыг сонсоод өөрийн эрхгүй догдолсон. “Бурхан минь надад медаль хайрла” гээд залбирсан шүү. “Эхний гуравт орох нь тодорхой боллоо, харин ямар өнгө вэ” гэж ярилцахад нь чихэндээ ч итгээгүй. Хамгийн сүүлд гарсан Японы тамирчин эхний тойрогт надаас 15 секундын дутуу орж ирсэн. Наран улсын баг баян болохоороо тамирчиндаа энэ тухай станцаар мэдээлээд л. Булан тохой бүрт л төдөн секунд алдаж байна, жийгээд өг гэж орилсон багш нар тааралдана. Гэвч өрсөлдөгч маань барианд надаас гурван секундын зөрүүтэй орсон юм.
-Азийн аварга болсноо сонсоод нулимс унагасан уу?
-Маш их баярласан мөртлөө уйлаагүй. Яагаад нулимс унагаагүйгээ мэдэхгүй. Бариан дээр сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлсэн болохоор ч тэр үү амгалан байсан. Монголын дугуйн холбооны удирдлагууд болон дасгалжуулагчийнхаа баярын нулимсыг хараад сэтгэл ханасан юм байлгүй.
-Азийн аварга цол чамд ямар хүсэл мөрөөдлийг авчрав?
-Боломжгүй зүйл байдаггүйг яс махандаа шингэтэл ойлгуулсан алтан медаль минь. Ирээдүйгээ олж харсанд л гол учир байгаа юм. Үүний тулд сэтгэл санаа, зорилго минь зөв байх ёстой. “Өндөр амжилт гаргавал би олны танил болно, хүмүүс гарын үсэг авах гэж дугаарлана” гэж явцуугаар бодвол амжилт зогсчих байх.
-Бөөн гараатай уралдаанд ямар амжилт гаргасан билээ?
-Долоон тойрог уралдсан бөөн гараатай тэмцээний сүүлийн тойрогт барианы наана маш огцом хоёр эргэлттэй, хашаан дундуур орсон зам дээр нураан үүсэж, Хонконг, Японы тамирчидтай хавиралдаж унасан. Нураанд ороогүй бол бөөн гараатай уралдаанд барианы төлөө хэрхэн дайрч болдгийг сурах байлаа. Гэхдээ харамсахгүй, надад их боломж байгааг ойлгосон.
-Урьд нь ингэж өндөр түвшинд бэлтгэл хийж үзсэн үү?
-Үгүй. Тамирчин хүн ямар байх ёстой, формоо барих, амралт, бэлтгэл, хоолны дэглэм ямар чухал гэдгийг зах зухаас нь ойлгож авлаа. Тамирчин бэлтгэл хийсэн шигээ амрах хэрэгтэй юм билээ. Өвлийн улиралд суурин дээр хүч сэлбэсэн. Мөн “Хүч” спорт хорооны харьяа дугуйн клубтээ тогтмол бэлтгэлтэй байдаг. Хүчний бэлтгэлээ ч базаана. Ингээд бодохоор даацын бэлтгэлээ өвөл авсан байгаа биз.
-Дугуйгаар хичээллэхээсээ өмнө Даваатогтох багшийг хэр сайн мэддэг байв?
-Үнэнийг хэлэхэд бид жилийн өмнө л танилцсан. Багш надад эхнээсээ итгэл хүлээлгэж, “Боломжгүй зүйл гэж байдаггүй. Зорьж чадвал бүх зүйл бүтнэ. Надад итгэж байна уу” гэж асуусан. Тухайн үед би дугуйн спорт гэж чухам юу болохыг мэддэггүй байлаа. Багш надад “Чи улсын аварга болно, спартакиадад түрүүлнэ, Азийн аварга болно” гэж хэлэхэд нь гайхсан. Тэгээд намайг Азийн аваргын түвшинд бэлтгэсэн дээ. Хэрэв надад “Олон улсын анхны тэмцээн учраас медаль авна гэж юу байх вэ. Туршлага хуримтлуулья” гэсэн бол би тэр хэмжээнд оролцох байсан биз.
-Богино хугацаанд Азийн аварга болсон Энхжаргалын хувьд спартакиадын медалийг дугуйтай нөхөрлөснөөс хойш хэдэн сарын хугацаанд авсан гэсэн үг вэ?
-Хоёр сар эрчимтэй бэлтгэл хийгээд түрүүлсэн юм. Өлзийсолонго, Солонго, Орхон гээд мундаг эгч нарынхаа өмнүүр орно чинээ санаагүй. Алтан медаль хүртсэндээ итгэж чадаагүй. Яг одоо би “Бурхан надад жаахан ч гэсэн авьяас заяаж дээ” гэж бодож байна. Дугуйн спортын мастерын болзол хангачихаад итгэхгүй байсан хүн ОУХМ боллоо гэж бодохоор сонин санагдаж байна. Ямар ч гэсэн нэг уулаа амжилттай давчихлаа. Миний дараагийн уул ДАШТ.
-Чамайг анх теннисээр хичээллэж байсан гэж сонссон...
-Тийм ээ. Ээж маань спортод маруухан учраас үүнд эмзэглэдэг байсан болохоор ч тэр үү, намайг тамирчин болгохоор зорьсон юм. Сонин дээрээс СТО-д талбайн теннисний дугуйланд бүртгэж авах зар харчихаад зургаан настайд минь дугуйланд бүртгүүлсэн. Теннисээр таван жил хичээллэхдээ өсвөрийн улсын аварга болж амжсан. Дараа нь усан спортыг сонирхож, улсын аваргаар хэд хэдэн удаа тодорсон, улсын дээд амжилт тогтоосон юм байна. Усны Зоригоо багш маань санаанаас гардаггүй. Багш маань цалингүй мөртлөө, хөлөө гэмтээчихээд байхдаа ч таяг тулан, бидний төлөө ирдэг байсан. Хүүхдүүд өсвөр насандаа буруу замаар ордог. Тиймээс чөлөөт цагийг нь усан спортод хандуулъя гэсэн бодолтой явсныг нь хожим ойлгосон. 2007 онд бид бэлтгэл хийх газаргүй болсон учраас спортоо орхиход хүрсэн тэр үед триатлоны спорт Монголд дэлгэрч, Н.Наранбат багшийн шавь болж билээ. Триатлонч болоогүй бол спортыг үүрд орхих байсан ч юм бил үү. Энэ төрлөөр хоёр жил хичээллэх хугацаандаа дугуйн анхан шатны мэдлэгтэй болсон гэж боддог. Энэ хугацаанд зүгээр байгаагүй, “Сингапур-2010”-ын эрх авч, залуучуудын олимпод оролцсон. Триатлоны холбоо чадах чинээгээрээ тусалж байсныг мартах учиргүй.
-Ингэхэд яагаад спортын амьдралаа хэсэг хугацаанд завсарласан юм бэ?
-Тамирчдад уналтын үе ирдэг бол тэр нь таарсан байх. Мөрөөдөл минь надаас холдсон юм шиг санагдаад, өөртөө сэтгэл дундуур байсан. Азийн, дэлхийн түвшинд өөрийнхөө хэмжээг мэдрэхээр тамирчинд хэцүү санагддаг ч юм уу. Ингээд л спортоо орхисон доо.
-Энэ хугацаанд ямар ажил амжуулав?
-Их сургуулиа төгссөн. Үс засаж сурахыг, гоо сайханч болохыг хүсдэг байсан. Тэр бүхнээ биелүүллээ. Бас тогоочийн курст сурсан. Зүгээр суугаагүй юм байна.
-Ингэхэд бэлтгэлийн үед дугуйгаар хэдэн км зам туулаад байна?
-Өнөөдрийг хүртэл хөтөлсөн өдрийн тэмдэглэлээс харахад тодорхой болно. Багш маань надад 36000 км зам туулсан гэж хэлсэн шиг санагдаж байна.
-ДАШТ-ий бэлтгэлдээ хэзээ орох вэ?
-Бэлтгэлээ таслахгүй. Хүний гаргаж чадахгүй амжилтад хүрсэн биш. Өнөө, маргаашдаа хөнгөн бэлтгэл хийнэ. Цаашдаа Азийн АШТ-д хийснээс ч ачаалалтай бэлтгэл хийнэ гэж багш маань хэлсэн. “Хүч” спорт хорооны дарга Б.Пагва гуай ДАШТ-ий өмнө БНСУ-д бүтэн сар бэлтгэл хийх нөхцлийг судалж байгаа тухай уулзалтын үеэр хэлж байна лээ.
-Цаашдын тэмцээнд чинь амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ дашрамд намайг төрүүлж, өсгөсөн ээждээ маш их баярлаж явдгаа илэрхийлье. Би ээжтэйгээ амьдардаг. Ээж минь намайг хүний жишигтэй өсгөж, спортын ертөнцөд байр сууриа эзлэхэд их үүрэг гүйцэтгэсэн. Бас Т.Даваатогтох багшдаа, Дугуйн холбоондоо, “Хүч” спорт хороо, усныхандаа, триатлоныхондоо баярлалаа. Тамирчин хүний амьдралд юу эс тохиолдох вэ? Над шиг нэг үе уналтад орсон, эсвэл ийм нөхцөлд байгаа үйлс нэгтнүүддээ сэтгэл, хүсэл мөрөөдөл чинь цэвэр ариун байвал биелэх өдөр ирдэг юм шүү. Битгий зогсоорой. Чиний өмнө бүр ч өргөн зам, уужим хаалга нээлттэй байгаа гэж хэлмээр байна. Монголын спорт мандан бадрах болтугай. Эх орныхоо төлөө зүтгэнэ ээ.
Б.ӨЛЗИЙТОГТОХ