АНУ-д албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга З.Энхболд уржигдар тус улсын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч У.Бёрнзтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монголын ардчиллыг АНУ эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс АНУ-ыг гурав дахь хөршөө хэмээн үздэгийг цохон тэмдэглэв. Мөн хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх сонирхолтой байгаагаа УИХын дарга хэллээ. Түүнчлэн Монгол Улс дэлхий нийт, ялангуяа бүс нутгийн энх амгалан, аюулгүй байдлыг хангахад АНУ-тай урьдын адил хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Гурав дахь хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс цаашид АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх сонирхолтой, АНУын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагаа ч онцолжээ. Түүнчлэн Монгол Улс НҮБын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд нэрээ дэвш үүлснийг мэдэгдэхийн зэрэгцээ АНУ-ын талаас дэмжлэг үзүүлэхийг ноён У.Бёрнзээс хүссэн байна. Энэ өдөр УИХ-ын дарга Брукингсийн стратеги судлалын хүрээлэнд зочилжээ. Тус хүрээлэнгийн Зүүн хойд Азийн бодлого судлалын төвийн захирал Ричард Буш Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус хүрээлэн нь жил болгон зохион байгуулдаг судлаачийн хөтөлбөртөө (Visiting Fellows Program) Монгол Улсын судлаачдыг урьж оролцуулдаг юм байна. Тус хүрээлэнтэй хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөр хэрэгж үүлэх, Монгол Улсад судлаачийн хөтөлбөрийг хэрэгж үүлэх сонирхолтойгоо УИХ-ын дарга илэрхийлжээ.
УИХ-ын дарга АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер ноён Жон Бэйнертэй уулзсан байна. 1991 оноос эхлэн АНУ-ын Конгресс Монголын ардчилал, чөлөөт сонгууль, зах зээлийн шилжилтийг дэмжсэн тогтоолуудыг удаа дараа гаргасан нь АНУ-ын дэмжлэгийг дэлхий дахинд баталгаажуулж, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн өндөр түвшинд хүрснийг гэрчилж байгааг УИХ-ын дарга энэ үеэр дуулгаад хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх сонирхолтой буйгаа илэрхийллээ. Мөн Монгол Улс нь БНАСАУ, БНСУ-тай сайн харилцаатай орны хувьд Солонгосын хойгийн тулгамдсан асуудлаар зуучлагчийн үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтойг дурдаад ирэх сарын 29-нд Улаанбаатар хотноо зохиох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хурлын үеэр зохиогдох Парламентын форумд Конгрессын гишүүдийг өргөнөөр оролцохыг урилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.