АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын даргын айлчлал амжилттай үргэлжилж байна. УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 21-д НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүнтэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын бусад асуудлаар санал солилцов. Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгж үүлэхэд НҮБ-ын зүгээс тусламж, дэмжлэг үзүүлж ирсэнд УИХ-ын дарга З.Энхболд талархал илэрхийлээд цаашид манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцох зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс сүүлийн хоёр жил даргалж байгаа талаар болон тус нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг ирэх сарын 27-29-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээлж, уг хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг урьсан урилгыг дахин нотоллоо.
Монгол Улс ардчиллыг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал болон далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхи санаачилгатай ажиллаж байгааг ноён Бан Ги Мүүн уулзалт ярианы үеэр онцлон тэмдэглэв. Мөн НҮБын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Судан дахь энхийг сахиулах үйл ажиллагааны явцтай газар дээр нь очиж танилцсанд талархал илэрхийллээ.
УИХ-ын дарга З.Энхболд мөн өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга В.Жеремиктэй уулзав. Уг чуулганаар “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай” болон “Ардчиллын боловсролын тухай” тогтоолыг тус тус санаачлан амжилттай батлуулсныг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг сүүлийн хоёр жил даргалж байгаа орны хувьд дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга В.Жеремик Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож байгаад талархал илэрхийлээд цаашид олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон дурдав.
Монгол Улсын зүгээс санаачлах бүхий л үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.