Биатлоны нэгэн улирал цэргийн баярын өмнөхөн шувтарлаа. Бид энэ удаа улиралд санаснаас тааруухан амжилт үзүүлсэн тамирчдыг онцолж байна. Энэхүү “хар дансанд” 11 хүн багтсаны зургаа нь оросууд юм. Эндээс хойд хөршийн биатлончид 2012-13 оны улирлыг ямар од муутай үдсэн нь ойлгомжтой болно.
О.Э.Бьорндален: Биатлоны хаан цагийн эрхээр уруудаж яваа гэдгийг бид мэднэ. Сүүлийн гурван ДАШТ-д тэрбээр хувийн төрөлд ганц ч медаль аваагүй нь үүний нотолгоо юм. Гэхдээ агуу норвеги эр энэ жил арай дэндүү муу уралдлаа. Тэрбээр улирлын турш бүхэл бүтэн 20 гараанд хурд сорьсон ч медалийн тавцанд гишгэж чадаагүй. Нийлбэр дүнгээр ч дөнгөж 22-р байр эзэлжээ.
Иван Черезов: Дэлхийн гурван удаагийн аварга орос эр хүнд гэмтлийн улмаас сүүлийн хоёр жил өндөр түвшинд өрсөлдөж чадаагүй. Энэ жил гуравхан гараанд уралдаж, нийлбэрээр 85-д жагслаа.
Вольфганг Пихлер: Оросын эмэгтэй биатлончдын бүтэлгүйтэл дасгалжуулагч Пихлер рүү чиглэсэн шүүмжлэлийг улам хүчтэй болголоо. Түүнийг Оросын биатлоныг сүйрүүлж байна хэмээн хойд хөршийн хэвлэлүүд бичиж байна.
Арнд Пайффер: Дэлхийн аварга Пайффер ердөө жилийн өмнө “Хүрэл бөмбөрцөг”-ийн төлөө хүчтэй өрсөлдөж байв. Гэтэл энэ жил эрс дордож, яаж ч хичээгээд медаль авч чадсангүй.
Максим Чудов: Хүнд гэмтлээс эргэн ирсэн Максим зуны биатлонд амжилттай оролцож, ДАШТ-ээс алтан медаль авсан. Гэвч хамгийн чухал тэмцээндээ гавьсангүй.
Андрей Маковеев: Өнгөрсөн улиралд Дэлхийн цомын анхны ялалтаа байгуулсан түүнийг энэ жил гайгүй өрсөлдөх байх гэж хүлээж байсан нь талаар боллоо. Бараг л гараа алгасалгүй уралдсан ч ганц хүрэл медалиар л гол зогоох болж байна.
Мари Лор Бруне: Түүнийг харахад өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хувийн төрөлд хоёр мөнгөн медаль авсан Бруне мөн үү гэмээр байв. Франц бүсгүй эхний хэдэн гараанд идэвхтэй уралдсан ч медаль дээр бууж чадаагүй. Ингээд форм муу байгаагаа ойлгосон бололтой сүүлийн гараануудад уралдаагүй юм.
Ольга Зайцева: Тэр уг нь Оросын эмэгтэй тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлж, нийлбэр дүнгээр 11-р байр эзэлсэн. Гэхдээ түүн шиг өндөр зэрэглэлийн тамирчны хувьд энэ нь чамлалттай үзүүлэлт билээ. Ольга 26 гарааны 23-т нь хурд сорьж, алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртсэн даруухан амжилттай нэгэн улирлыг үдэв.
Сюннев Солемдал: Норвеги бүсгүй улирлын эхэнд болсон нэгэн гараанд түрүүлж, дээгүүр өрсөлдөх тамирчдын нэгд тооцогдож байлаа. Гэвч нэгдүгээр сар гарснаас хойш тэр уналтад орчихсон. Ингээд нийлбэрээр дөнгөж 24-р байр эзлэв.
Евгений Граничев: Оросууд хоёр жил дараалан ДАШТ-ий багийн буухианд медалийн гадна үлдсэнд түүний буруу асар их бий. Гарцаагүй медальт байрт явж байсан хойд хөршийнхөн түүний “ачаар” зургаа руу шидэгдсэн юм. Евгений улирлын дунд хэсэгт хоёр гараа дараалан аман хүзүүдэж, дасгалжуулагчдаа найдвар төрүүлсэн ч энэ нь түүний сүүлийн амжилт байжээ.
Светлана Слепцова: Олимпийн аварга Слепцова өнгөрсөн зун хагалгаанд орж, өвөл нь цасан замдаа эргэн ирсэн. Гэвч формондоо орох яагаа ч үгүй байсан нь нийлбэрээр 78-д орсон баримтаас харагдана.
Б.ЭНХЖИН