“Монголын Засгийн газар Куба улсын өрийг хүчингүй болголоо. 1990 он хүртэлх хоёр улсын худалдааны үр дүнд үүссэн өрийг хүчингүй болгосон талаар Кубын нийслэл Гавана хотод болж байгаа Монгол, Кубын Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны IV хуралдааны үеэр Монголын тал зарлалаа. Яг хэдий хэмжээний өр хуримтлагдаад байсныг хоёр тал мэдээлсэнгүй.
Өрийг хүчингүй болгох гэрээнд Монгол Улсаас Кубад суугаа Элчин сайд О.Даваасамбуу, Кубын Үндэсний банкны захирал Рене Ласо Фернандес нар гарын үсэг зурсан байна” гэж ОХУ-ын “РИА Новости” агентлаг энэ сарын 24-нд мэдээллээ. Гарын үсэг зурах ёслолд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт байлцжээ. Куба улс энэ жил Испани, Мексик, Канад улсад төлөх өрөө хүчингүй болгож чадсан аж.
ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев 2013 оны хоёрдугаар сард тус улсад айлчлах үеэрээ 30 тэрбум ам.долларын өрийг Кубаас авахаа больсон тухай мэдэгдэж байсан билээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ