Энэ үг төрийн албан хаагчдад илүү хамаарна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь Үндсэн хуулиар баталгаажсан атлаа “нам” гэдэг үгэнд нам цохиулах явдал байсаар. 2009 оны нэгдүгээр сараас Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу төрийн албан хаагчид намын харьяаллаас түдгэлзсэн. Нэг бол намаа, нэг бол ажлаа гэсэн сонголтыг олон албан хаагч хийсэн юм. Гэвч намаас нь ч “Энэ бол манай хүн” гэсэн ойлголт арилаагүй шиг нийгэмд ч “Энэ тэр намын хүн” гэсэн сэтгэлгээ хэвээр үлдэв. Хамгийн гол нь намаасаа түр түдгэлзсэн ч тухайн хүний улс төрийн итгэл үнэмшлийг түдгэлзүүлэх боломжгүй.
Сонгууль бүрийн дараа олонх болсон нам халаа, сэлгээ хийдэг нь манайд уламжлал болсон. Ялсан нам яам, агентлаг гээд төрийн байгууллагад багаа бүрдүүлнэ. Удирдах голдуу албан тушаалтан аль намын гишүүн байснаасаа хамааран өөрчлөгддөг. 2000 онд одоогийн МАН УИХ-д үнэмлэхүй ялсны дараа АН-ын харьяалалтай олон мянган хүн ажилгүй болсон гэх мэдээлэл бий. Тэгвэл 2012 онд АН хамгийн олон суудал авч, МАН-аас бусад намтай хамтран олонхийг бүрдүүлсний дараа олон хүнийг халж, сольж байгаа мэдээлэл, шүүмжлэл газар авсан билээ. Цөөнх болсон МАН-ынхны мэдээллээр төрийн албанаас 2000 гаруй хүн халагдсан гэнэ.
“Төрийн албыг цомхон болгоно” гэсэн амлалтаасаа олонх буцаж, орон тоо нэмсэн. Тэр хэрээр зардал өссөн хэмээн цөөнх шүүмжилж буй юм. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчидтэй уулзахдаа энэ шүүмжлэлд хариулт өгөв. Тэрбээр “Өмнө нь 43 агентлаг, 13 яамтай байсан. Одоо 27 агентлаг 16 яамтай болсон. Агентлагийн тоог цөөлснөөр орон тоо 438-аар буурсан. Бүтэц данхайгаагүй. Зарим гишүүн төрийн албан хаагчийн тоо нэмэгдсэн гэж буй нь худал. Тэд дундаж цалинг 500.000 төгрөг гэж тооцоод л 33.000 албан хаагч нэмэгдсэн гэсэн хийсвэр тоо гаргаж ирсэн” гэсэн тайлбар хийсэн. Олон хүн халсан тухайд “Сонгууль бүрийн дараа л ийм юм болдог. Тэд ч олонх байхдаа олноор нь халдаг байсан” гэсхийгээд өнгөрсөн билээ. Олонх төрийн албанд багаа бүрдүүлдэг “уламжлал”-ыг олонх болсон нам ялгаагүй дагадгаа дотроо бол бүгд хүлээн зөвшөөрч буй.
Хууль зүйн яамнаас 10 гаруй хүн халсан тухайд сайд нь “Намын харьяаллаар ялгасан гэсэн ойлголт байхгүй. Яаманд намын гишүүн биш, төрийн албан хаагч ажилладаг. Өөрчлөлт хийхэд ур чадвар, мэдлэг дутсан, бас хамтарч ажиллахаас татгалзсан 10 гаруй хүн ажлаас гарсан” гэсэн утгатай тайлбар хийсэн билээ. Хуулийн дагуу ямар нэг намын харьяалалтай хүн төрийн албан хаагч байх үндэслэлгүй учир ийм тайлбар хийхээс аргагүй. Гэтэл намууд “Харьяаллаар ялгаж халж байна” гээд байдаг. Энэ нь өнөөх итгэл үнэмшил, сэтгэлгээ хэвээр байгаагийн илэрхийлэл биз. Харьяаллаасаа түдгэлзсэн ч эсрэг нам нь сонгуульд ялвал бүгд дотроо “хэзээ халагдах бол” гэсэн айдас тээдэг нь нууц биш. Дарга, цэрэг биш л бол жижгүүд нь нэг их хөдлөөд байхгүй ч айдас, дарамт тойрохгүй. Ажлаас халагдааг үй, эсрэгээр томилогдогчдод ч намын дарамт, даалгавар гэж айхтар “үүрэг” бий болно.
Манай сониноос зохион байгуулсан оны алдартан шалгаруулах санал асуулгад МАН-ын гишүүн нэгэн улс төрийн албан тушаалтан МАХН-ын даргыг нэрлэснээсээ болж хүнд байдалд орчихжээ. Санал асуулгад өөрийн бодлоо хэлснээс болж түүнийг намаас нь “Чи МАХН-д урвалаа” гэх мэтээр гадуурхах болсон гэнэ. Нам нь олонх болоогүй ч, албан тушаалд очсон нэгнийгээ энэ мэтээр “атгах” нь хэвээр аж. Ажилд авахдаа намын харьяалал хардаг, сонгууль бүрийн дараа ур чадвар, туршлага, мэдлэгийг биш өнөөх л улс төрийн шалгуураа тавьдаг байдлыг халахын тулд Төрийн албаны тухай хуульд УИХ өөрчлөлт оруулсан.
Төрийн албыг ялсан намд биш, ард нийтийн эрх ашгийн төлөө үйлчлүүлэх сайхан зорилгыг тэд тээсэн ч “Энэ хуулийн үр дүн ойрын 5-6 жилд л гарах байх” гэсэн бодлоо нуугаагүй. Бодит байдалдаа дасан зохицох нөхцөлийг тооцсон энэ үг нь хоосон “зөгнөл” биш байжээ.
Төрийн албаны тухай хуулиас
15 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
15.1.1. албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох;
16 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол
16.1.Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно.
С.УУЛ