“Тамхи татах тусгай цэгийг нь байгуулаагүй байж шууд хориглож болохгүй шүү дээ” гэсэн шүүмжлэл Тамхины хяналтын тухай хуулийг дагаж байна. Уг хуулийг батлахаас ч өмнө УИХ-ын даргын захирамжаар Төрийн ордонд тамхи татахыг хориглосон. Гэвч тэнд ажилладаг хүмүүс, УИХ-ын гишүүд өрөөндөө тамхи татах нь нээлттэй байсан юм. Тэгвэл дээрх хууль хэрэгжиж эхэлснээр тамхичин гишүүдэд бэрхшээл үүсчээ.
Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, албан тушаалын өндөр, нам ялгаагүй дагаж мөрдөх ёстой. Тиймээс өрөөндөө тамхи татсан бол 50.000 төгрөгийн торгууль төлөх ёстой болов. Үүнийг тамхичин гишүүд эсэргүүцэж байгаа юм. Тэд бусдын дэргэд, олон нийтийн газар тамхи татаж, хүн хордуулахгүй байхыг дэмжиж буй ч хувь хүний эрхийг хаах ёсгүй гэж үзжээ. Тиймээс зарим гишүүн хамтраад тамхи татах тусгай цэг байгуулах хуулийн төсөл боловсруулахаар болжээ. Уг хуулийн төслийг хаврын чуулганд өргөн барих гэнэ.
С.УУЛ