УИХ-ын дарга З.Энхболдын Канад улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Тэрбээр айлчлалынхаа хоёр дахь өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд, Олон улсын худалдааны сайд Э.Фаст нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Оюутолгой” төсөл болон Монгол Улсын уул уурхай, түүний эрх зүйн зохицуулалтын талаар хууль тогтоох дээд байгууллагын зүгээс баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлж, сонирхсон бусад асуудалд нь хариулт өгчээ.
Мөн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жерри Ритц УИХ-ын даргад бараалхсан байна. Энэ үеэр хоёр орны мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, эдгээр салбарт Канад улсын шилдэг техник, технологийг нэвтрүүлэх боломжийн талаар ярилцлаа. Канадын Парламентын гишүүн П.К.Нолиныг УИХ-ын дарга бас хүлээн авч уулзжээ.
Монгол Канадын хооронд уул уурхайгаас гадна соёл, боловсрол, шинжлэх ухаан, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг жигд хөгжүүлэх боломжийн талаар тэд харилцан санал солилцсон байна.