Вьетнамын дайнд оролцож явсан, Массачусетс муж улсын прокурор, амбан захирагчийн орлогчоор ажиллаж, улсынхаа Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж, Сенатын гишүүн байсан, Капитолийн толгойд 28 жил алба хашсан Жон Керри гэж хүн АНУ-ын Төрийн 68 дахь нарийн бичгийн даргаар ажиллах боллоо. Олон улсын ажил хэргийг явуулах асар их туршлагатай түүнийг Америкийн гадаад бодлогыг хатагтай Хиллари Клинтоноос доргүй аваад явна гэдэгт Ерөнхийлөгч Барак Обама эргэлзэхгүй байгаа юм билээ. Тэгвэл 69 настай Жон Керри гэж хэн болох тухай өгүүлэх гэж оролдъё.
Жон Форбс Керри 1943 оны арванхоёрдугаар сарын 11-нд Колорадо муж улсын Орора хотод төржээ. Тэрбээр айлын хоёр дахь хүүхэд юм. Нэг эгч, хоёр дүүтэй.
Жон Керри алдарт Йелийн их сургуулийг урлагийн бакалавр зэрэгтэй 1966 онд төгсс өн байна. Залуудаа Керри хөлбөмбөг, хоккей тоглодог, туялзуур жадчдын багийн гишүүн байжээ. Энэ бүхний зэрэгцээ багш нарынхаа удирдлагаар урнаар илтгэх чадвар эзэмшихийг хичээж явсан аж. Керри хожим нь цэцэн цэлмэг ярьдгаараа алдаршсан нь нууц биш.
Улс төрийн үйл ажиллагаанд түүнийг 1962 оноос оролцож эхэлсэн гэж үзэж болно. Керри энэ онд Массачусетс муж улсаас Сенатын гишүүн болохоор нэрээ дэвш үүлсэн Тедди Кеннедигийн сонгуулийн кампанит ажилд сайн дураараа орсон байдаг. Ингэж явахдаа Жон Кеннеди болон түүний гэргий Жаклины эгч нартай анх нүүр учирч, танилцсан гэдэг. Чухам тэр өдөр Кеннеди болон түүний гэр бүлийнхэнтэй далбаат завиар явж байгааг нь Цагаан ордны фото зурагчин хальсанд буулгаж авсан байдаг гэсэн. Керри оюутан байсан сүүлийн жилээ тэнгисийн цэргийн хүчний нөөцөд бүртгүүлсэн байна. Зэвсэгт хүчний эгнээнд их сургууль төгссөн хойноо ч байсаар 1970 онд дэслэгч цолтой болжээ.
Керригийн залуу нас Вьетнам улстай ихээхэн холбоотой байжээ. Тэрбээр 1968 онд Өмнөд Вьетнамын Камрань усан буудалд хөл тавихдаа ахлах офицер болчихсон байв. 1968 оны эцсээр Керри хоёр нөхрийнхөө хамт харуул хийж яваад завинаас ачаа буулгаж буй хүмүүстэй тулгарсан байна. Тэр хүмүүс зугтахаар нь зогсохыг тушаасан ч хайхраагүй тул завийг нь устгаж орхиж. Үүнээс хойш удалгүй Керри энгэрээ цоолуулж анхны одонгоо зүүжээ. 1969 оны хоёрдугаар сарын 20-нд Боде гол дээр болсон байлдаанд зүүн хөлөө хоёр дахь удаагаа шархдуулж бас нэг одон авсан аж. Түүнийг нэг хөлөөрөө хоёр одон авсан гэж хэлж болно. Дашрамд хэлэхэд хоёр дахь ширэмний хэлтэрхий одоо хэр нь биед нь явдаг гэсэн. Ер нь Керри Вьетнамын дайнд оролцож одон олныг хүртсэн хүн юм. Тэр ч бүү хэл нэг одонг гурван удаа зүүсэн тохиолдол ч бий юм гэнэ лээ.
Тухайн үед баримталж байсан флотын дүрмээр алба хаагч нь гурван удаа шархадвал ажлаа сольдог байв. Керри ч энэ "болзлыг хангасан" тул 1969 оны дөрөвдүгээр сард Вьетнам орныг оjхиж контрадмирал Уолтер Шлехтийн туслахаар ажиллах болов. Энэ албыг 1970 оны эх хүртэл хашсан байна.
Керри дайн гэж юу болохыг нүдээр үзэж, биеэр туулсны хувьд АНУ-даа эргэж ирээд "Вьетнамын ахмад дайчид дайны эсрэг" нэртэй байгууллага бий болгох ажилд оржээ. Тэрбээр Сенатын олон улсын хорооны хуралдаанд анх удаа мэдүүлэг өгсөн ахмад дайчин юм. Маргааш нь Керри 800 ахмад дайчинтай жагсаал хийж, шагналаа Засгийн газарт буцаан өгөх шаардлага тавив. Дайныг эсэргүүцэж буйгаа тэд ийн илэрхийлсэн аж. Үүнээс хойш Керри Засгийн газрынхаа албан ёсны байр суурийг байнга эсэргүүцэж, хэвлэл, радиод байсгээд ярилцлага өгнө. Үүгээрээ Сенатад өгсөн мэдүүлгээ олон түмний сонорт хүргэдэг байлаа. Вьетнамд байлдаж байхдаа өөрийн зүгээс харгис хэрцгий үйлдэл хийж байв уу гэсэн сурвалжлагчийн асуултад хариулахдаа үүрэг хүлээсэн цэрэг хүний хувьд хийх ёстой гэснийг нь хийж явснаа шударгаар хэлж, энэ бүх үйлдэл нь дайн явуулах дэг журамд харш байсныг хүлээсэн аж.
Керри дайныг эсэргүүцсэн тэмцэлд идэвхтэй оролцож байсны учир 1971 оны тавдугаар сард 400 гаруй нөхдийнхөө хамт баригдаж ч үзэв. Тэгээд хүн бүр таван доллар төлөөд суллагджээ. Гэвч удирдлагатайгаа санал зөрөлдсөний улмаас өөрийн үүсгэн байгуулалцсан "Вьетнамын ахмад дайчид дайны эсрэг" байгууллагаас гарав.
1972 онд Керри Конгрессийн сонгуульд хүч үзэхээр шийдлээ. АН-аас эхний даваанд 10 нэр дэвшигч оролцов. Гэтэл яг энэ үед Керригийн дүү Камерон, сонгуулийн штабыг нь тэргүүлж байсан Томас Валлели хоёрыг сурталчилгаа явуулдаг байшингийнх нь доод хонгилоос цагдаа нар баривчилжээ. Тэгэхнээ Керригийн харилцуур утасных нь шугамыг таслах гэж буй тухай сануулгыг хэн нэгнээс утсаар авсан байсан тул уг шугамыг тэд шалгаж явсан аж. Тэд хоёул 22 настай байжээ. Энэ сонгуульд Керри амжилт олсонгүй. Тэгээд намар нь Бостоны хуулийн сургуульд оров. Сургуулиа төгсөөд өмг өөлөх эрхтэй ч болов.
1979 онд хэсэг нөхдийн хамт хуулийн хувийн фирм байгууллаа. Үүний хажуугаар олон түмэнтэй нүүр тулж ажиллах сонирхол нь хэвээр байснаас Массачусетс муж улсынхаа амбан захирагчийн орлогчийн суудалд нэрээ дэвшүүлж 1982 онд энд болсон анхны ардчилсан сонгуульд ялалт байгуулав. Түүний өрсөлдөгчдийн дотор хожим нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан Майкл Дукакис байсан аж.
Тус муж улсаас Сенатын гишүүнээр сонгогдоод байсан Пол Цонгас эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж суудлаа орхих гэж буйгаа 1984 онд зарлахад түүний суудал руу ухасхийгээд үзэх бодол Керрид төрсөн байна. Гэвч 1982 онд муж улсын амбан захирагчийн төлөө өрсөлдөх болоход хандсан шигээ занг эндхийн АН нь гаргаж, түүнийг дэмжсэнгүй. Гэлээ ч тэр анхан шатны сонгуульд бусдаасаа тэргүүлэв. Төсөвт хатуу хяналт тогтооно гэж амлажээ. Тухайн үед БНН-ын Рональд Рейган Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох гээд тус нам үндэстэн дахины дэмжлэг хүлээж байсан ч Керри энэ удаа Сенатад сонгогдлоо. 1985 оны нэгдүгээр сард Сенатын гишүүний тангарагаа өргөв.
Керри 1996 онд дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлээд Уильям Уэлд хэмээх ширүүн өрсөлдөгчтэй халз тулгарлаа. Энэ хүн их нэр хүндтэй, Массачусетс муж улсын захирагч, 1994 онд сонгуульд ялж дахин сонгогдсон нэгэн байв. Тэд хэд хэдэн удаа мэтгэлцээнд оролцов. Тэд бас сонгуулийн өмнөх кампанит ажилд дээд тал нь есөн сая доллар зарахаар тохиролцлоо. Гэвч аль аль нь энэ хэмжээг хэтрүүлсэн ч тохиролцоогоо хэн нь эхэлж зөрчсөнийг нотлох боломж олдоогүй аж. Чухам үүний ачаар Керри өрсөлдөгчөөсөө "тасарчээ". Керри 53, Уэлд 45 хувийн санал авлаа. Тухайн үед Newsweek сэтгүүлд бичсэнээр бол 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Бушийн сонгуулийн штабын ажилтнууд Керригийн эсрэг чиглэсэн асуултыг Уэлдэд тавьж байсан гэдэг.
Олон удаагийн санал хураалтын дүнд хийсэн шинжилгээнээс үзэхэд Керри "зүүнтэн" аж. 2004 оны сонгуулийн сурталчилгааны үеэр тэрбээр тууштай либерал үзэлтэн гэгдэж байв. Үнэн хэрэг дээрээ бол АН-аас сонгогдсон бусад депутатуудтай харьцуулбал Керри арай л илүү либерал хүн юм. Тэрбээр нийгмийн аюулгүй байдлын хөтөлбөрийг хувьчлахыг эсэргүүцдэг. Нас биед хүрсэн эмэгтэйч үүд болон насанд хүрээгүй хүүхэд үр зулбуулахыг дэмждэг. Ижил хүйстнүүд иргэний гэр бүлийн байдлаар аж төр өхийг зөвшөөрдөг. Алан хядагчаас бусад хүнд цаазаар авах ял оноохыг буруу гэж үзнэ. Зэвсэгт хуулиар хяналт тавихыг хүлээн зөвшөөрнө.
Сенатын гишүүн байх хугацаандаа Керри Конгрессоос гаргасан олон баримт бичгийг санаачилсан юм. Тэдгээр нь голдуу жижиг бизнес, боловсрол, алан хядах ажиллагаа, ахмад дайчид, цэргийн олзлогдогсод, сурагг үй алга бологсод, далай тэнгисийн нөөц зэрэгт хамааралтай байв.
1991-1993 онд тэрбээр цэргийн олзлогдогсод, сурагг үй алга бологсдын асуудлыг эрхэлсэн Сенатын тусгай хороог тэргүүлж байлаа. "Зүүн өмнөд Азид америкчууд амьдаар олзлогдсон юм уу, үүнийг гэрчлэх баримт байхг үй"-г Керригийн хороо тогтоож байв. Вьетнамд тавьсан худалдааны хоригийг цуцлах тогтоолыг Керри болон Вьетнамын дайны ахмад дайчин Мак Кейн нарын хүчин чармайлтаар Сенат 1994 онд гаргаж байлаа. Энэ нь харилцааг хэвийн болгох хөрс суурийг бэлтгэх зорилготой байсан. Тэгээд 1995 онд Билл Клинтон Вьетнам, АНУ-ын хооронд дипломат харилцааг сэргээсэн билээ.
Жон Керри 1970 онд Жулии Торнтой гэрлэж, тэд хоёр охинтой болжээ. Тэднийг нь Александра, Ванесса гэнэ. Александра нь 1973, Ванесса нь 1976 онд төрсөн. Харамсалтай нь сэтгэл санааны хүнд өвчинд шаналсан Торн 1982 онд салах саналыг Керрид тавьжээ. Тэд 1988 онд хоёр тийш болов. Торн "Зүрхний сонголт" хэмээх номдоо "Улстөрчтэй ханилаад 14 жил болсны дараа улс төр гээч юм миний хувьд уур цухал, айдас хүйдэс, ганцаардал л болж орхисон юм" гэж бичсэн байдаг. Торн сүүлд нь уран барималчтай суусан ч 2004 онд Керрийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь их тусалсан гэдэг. Тэрбээр 2006 онд хорт хавдар өвчний улмаас өөд болжээ.
Керригийн хоёр дахь гэргийг Тереза Симоэ Феррейра Хейнц гэдэг. Пенсильвани муж улсаас Сенатын гишүүн болж байсан Жон Х.Хейнцийн бэлэвсэн эхнэр, НҮБ-д хэлмэрчээр ажиллаж байсан хүн. Тэд 1995 онд гэр бүл болжээ. Гэргий нь Керригээс тав эгч.
"Форбс" сэтгүүлийн үнэлгээгээр Тереза Хейнц Керри 2004 онд 750 сая долларын хөрөнгөтэй байв. "Лос Анжелес таймс" сонинд бичсэнээр бол энэ үнэлгээ 165 саяас 3.32 тэрбум доллараар зөрж буй. Керригийн хувьд Сенатын хамгийн чинээлэг гишүүн гэгдэж байв. Хувийн хөрөнгөнөөсөө гадна тэрбээр багаар бодоход дөрвөн концерн эзэмшдэг. Энэ нь Форбсын гэр бүлийнхэн, түүний дотор 2002 онд амьсгал хураасан ээжээс нь өвлөгдөж ирсэн хөрөнгө юм. Жон Керри Ерөнхийлөгч болсон бол АНУын түүхэнд гурав дахь баян Төрийн тэргүүн байх байсан гэж дээр өгүүлсэн "Форбс" сэтгүүлд нэгэнтээ бичиж байв.
Р.ЖАРГАЛАНТ